Эрхэмсэг хөөрхөн хүүхдүүд ээ, эрхэм хүндэт эцэг эхчүүд ээ, элэг нэгт Монголчууд аа, Та бүхэндээ Хүүхдийн баярын мэндийг Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөндэвшүүлье.

Анх 1925 онд Швейцар улсын Женев хотноо чуулсан “Хүүхдийн сайн сайхны төлөө Дэлхийн улс орнуудын чуулга уулзалт”- аас уриалан, жил бүрийн 6 дугаар сарын 1-ний өдрийг “ХҮҮХДИЙН ЭРХИЙН ОЛОН УЛСЫН ӨДӨР” гэж зарласан түүхэн үйл явдлаас хойш, Дэлхий хэмээх гайхамшигт цэнхэр гарагийн хүмүүн төрөлхтөн бид ирээдүйн эзэн хүүхдийн эрхийг дээдлэн хүндэтгэж, эдүгээ 92 дэх удаагаа тэмдэглэж байна.

Монгол улс маань ч дэлхийн соёл иргэншилтэй мөр зэрэгцэн, 1952 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн, энэ өдрийг “Хүүхдийн баяр” хэмээн ёсчилж, бусад өдрүүдээс ч илүү үр хүүхдийнхээ төлөө цаг зав, сэтгэл оюун, халуун дулаахан хайраа бүтэн зориулахбаярт мөчүүдийн нэг болгон, эх үрсээрээ, гэр бүлээрээ хамтдаа өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэхэд төр засгаас онцгойлон үзэж, амралтын өдөр болгон тэмдэглэж, 65 дахь жилийг угтлаа. Өнөөдөр 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр, Монгол орон даяар Хүүхдийн баярын өдрийг “ХҮҮХЭД –ГЭР БҮЛДЭЭ  ЖАРГАЛТАЙ” уриан дор тэмдэглэж байна.

Хүүхдийнхээ эрхийг хүндэтгэн дээдлэх, өв тэгш хөгжилтэй, зөв хүн болгон, өсгөн хүмүүжүүлэх талаар Монголчууд бид баялаг уламжлалтай ард түмэн юм. Хөлд орж бүдчин, хэлд орж шулганан, хорвоотой танилцах цагаас эхлэн, нас биед хүртэл нь хүүхдээ шинжиж, нас сэтгэхүй, хувийн онцлогт тохирсон ертөнцийг таних арга ухаан зааж, бие даан амьдрахыг биеэрээ үлгэрлэн, дагуулж сургадаг, муу явдал, зохисгүй харилцааг хүүхдийнхээ нүдэнд харуулахгүйг хичээдэг, “Зөвийг зөвтгөхдөө зөөлөн үгээр урамшуулж, бурууг засахдаа ч бусдын зөв явдалтай адилтган зүйрлэж ухааруулж чаддаг” билгийн ухаантай өвөг дээдсийн минь хүнээр хүн хийж ирсэн ухаанаас эхтэй сайхан уламжлал бол өнөөдрийн ямагт хүүхдийнхээ дээд эрх ашгийг хүндэлж, хөгжүүлж, санаа бодлыг нь сонсож, хамгаалж  байхыг эрхэм болгодог хуулиар тогтоосон хүүхдийн эрхийн тухай зарчимтай яг таг нийцэж байдаг нь гайхамшиг билээ.

Монгол төр, монгол хүүхдийнхээ эрхийг хангах асуудалд үеийн үед хүчин чармайлт гаргаж, санаачлагатай ажилласаар ирлээ. 1990 ондНҮБ-ийн Хүүхдийн эрхийн конвенцид нэгдэж орсон цагаас хойш, 5 удаагийн тайланг Нэгдсэн үндэстний байгууллагын Хүүхдийн эрхийн хороонд хүргүүллээ. 2017 оны 05 дугаар сарын 26-д Монгол улсын Засгийн газар хүүхдийн эрхийн хэрэгжилтийнхээ талаар НҮБ-д тайлагнаж, дүнгээ тавиуллаа. Удахгүй зөвлөмж ирэхийг бид хүлээж байна.1996 онд Хүүхдийн эрхийг хангах тухай хууль, 2016 онд Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай бие даасан хуулиудыг тус тус УИХ-аар баталж, хүчин төгөлдөр хэрэгжүүлж байна. Эдгээр хуулиуд нь гэр бүлд суурилсан хүүхдийг эрх, хүүхэд хамгааллын үзэл баримтлалд үндэслэсэн бөгөөд, хүүхдээ эсэн мэнд амьдруулах, хөгжүүлэх, хамгаалах, нийгмийн амьдралд оролцуулах бүхий л боломжийг бий болгоход эцэг эхийн оролцоо, анхдагч үүрэг хариуцлагыг тодорхойлж, хэрэв тэд үүргээ биелүүлэхгүй хуулийг зөрчих юм уу, бүрэн биелүүлэх чадамжгүй бол хүүхдийг гэр бүлтэй нь хамт, төр хамгаалалтандаа авч, шаардлагатай арга хэмжээг шуурхай авах зарчим дээр тулгуурласан, эрх зүйн орчны шинэчлэлтийг хийж, хүүхдүүддээ бэлэг барилаа. Ойрын хугацаанд Гэр бүлийн тухай хуулийн шинэчлэн найруулгыг УИХ-аар батлуулахад болон бусад нийгэм, эдийн засгийн бодлогын шинж чанартай хуулиудыг хэлэлцүүлэхэд гэр бүл, хүүхэд, залуучууддаа ээлтэй байхад чиглэсэн бодлогыг цаг ямагт баримтлах болно.

Хүүхдийн баярын энээ өдөр хүүхэд бүрийг бид, гэр бүлдээ, элэг бүтэн жаргалтай байхыг билэгдэж, баяр ёслол, инээдээр дүүрэн өнгөрөөхийг хүсч байгаа боловч, харамсалтай нь хувь тавилангийн эрхээр цаг бусаар эцэг эхээсээ өнчрөн үлдсэн, эцэг эх нь байгаа ч анхаарал халамж тавих үүргээ биелүүлэх чадамжгүйн улмаас “хараа хяналтгүй” хэмээн нийгэмд гадуурхагдан, гэр бүлээсээ тусдаа амьдарч байгаа, гэр бүлийн хүчирхийлэл дарамтанд зовж шаналж байгаа, бас гэрийнхнээ тэжээн боловсролоос холдож, хүүхэд насаа мартах шахан, хүнд хөдөлмөрт нухлуулж байгаа, гэнэн томоогүй зан, хэрсүүжиж ухаан сууж хараахан чадаагүйн улмаас гэмт хэрэгтэн хэмээх нэр зүүсэн зэрэг хүүхдүүдээ энэ өдөр мартах учиргүй юм.Насанд хүрсэн иргэн бүр хүүхдийн эрхийн зөрчлийг, хүчирхийллийг эсэргүүцэж, зохих байгууллагад үүргийнхээ мэдээлж, мэдээлэл авсан хуулийн болон хүүхдийн байгууллага нь хүүхэд, гэр бүлийн эрх, хэрэгцээнд нийцсэн үйлчилгээг чанартай үзүүлж чадаж гэмээнэ хүүхдүүд хамгаалагдах болно, бид хүүхэд, гэр бүлд ээлтэй, нийгмийг байгуулахын төлөө чармайн ажиллах болно.

Хүүхдийн цовоо дуу чангаар хадаж, нүүрэнд нь баясал тодорсон царай хаана байна, тэнд хүүхдүүүд аз жаргалтай байдаг. Өнөөдөр аав ээж, хамгийн дотно хүнийхээ гараас хөтлөн яваа хүүхдүүдийг хаа сайгүй харж болно.

Өдөр бүр 6 сарын 1 шиг байх болтугай.

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ,

ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН

ДАРГА   О.АЛТАНСҮХ