Монгол хүний оюун ухаан, хүч хөдөлмөрөөр бүтсэн анхны “Мазаалай” нэрт бага оврын хиймэл дагуулыг өнөөдөр АНУ-ын Флорида мужийн Кеннедийн сансрын төвөөс Монголын цагаар 05:50 цагт хөөргөлөө. Эл түүхэн өдрийг тохиолдуулан МУИС-ийн хамт олон өглөөний 05 цагт сургуулийнхаа өмнөх талбайд өнгө, өнгийн бөмбөлөг хөөргөсөн байна.

Монголоос өөр хаана ч байдаггүй говийн баавгай мазаалайн нэрээр нэрлэгдсэн уг хиймэл дагуулыг тэрбумтан Илон Маскийн “SpaceX” компанийн “Falcon 9” пуужингаар сансарт гаргахаар гэрээ хийжээ.

Газрын гадаргаас 400 км-т байрлах хиймэл дагуултайгаа манай улс өдөрт 5-6 удаа холбоо барьж мэдээлэл авах боломжтой юм байна. Хиймэл дагуулаас авсан мэдээллийг улс орны газрын зургийг нарийвчлалтай тогтоох, байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх ажилд үнэтэй хувь нэмэр оруулна гэж үзэж байгаагаа Ерөнхий сайдын орлогч, Улсын байнгын онцгой комиссын дарга У.Хүрэлсүх илэрхийлжээ.

Манай улс энэ удаагийн төсөл амжилттай болсон тохиолдолд хоёр дахь хиймэл дагуулаа 2019 онд хөөргөхөөр төлөвлөж байгаа юм байна. “Мазаалай” хиймэл дагуулыг баасан гарагт хөөргөх байсан ч борооны улмаас хоёр хоногоор хойшлуулсан юм.