Нэгэн нууц баян зөвхөн өөртөө зориулж Rolls-Royce компаниар тусгай загварын автомашин үйлдвэрлүүлжээ. 2013 онд тус компанид анх хүсэлт тавьж байсан эр нийтдээ $13 саяыг төлж, дөрвөн жилийн хугацаанд мөрөөдлийн машинаа бүтээлгэсэн нь бүх цаг үеийн хамгийн үнэтэй шинэ автомашинд тооцогдож байгаа юм.

Тусгай захиалгаар бүтээсэн хоёр хаалгатай “Sweptail” машиныг өнгөрсөн долоо хоногт Rolls-Royce компани олон нийтэд танилцуулсан байна. Шинэ машинд 20 дугаар зууны домогт загваруудын онцлог шинж чанаруудыг захиалагчийн хүсэлтээр тусгаж өгсөн аж.

Тухайлбал 1925 оны Phantom I, 1934 оны Phantom II загваруудын онцлог хэлбэр, дизайн, салоныг сонгожээ. Мэдээж 21 дүгээр зууны дэвшлүүдийг ч оруулж өгсөн. Тухайлбал Теслагийнх шиг бүрэн шилэн дээвэртэй буюу панорам цонхтой. Дотор талдаа оргилуун дарсны хөргөгчтэй тавиурыг хос хундагатай байрлуулж, зөөврийн компьютер, малгай, цүнхний тавиур хүртэл суулгажээ.