Монгол Улсын Их Хурал 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Энэ хуулийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.Ингэснээр 2002 оны Эрүүгийн хууль хүчингүй болж, өөрчилж шинэчилсэн хувилбар нь мөрдөгдөх болно.

Тэгвэл ирэх сараас мөрдөгдөж эхлэх эрүүгийн хуулинд  “Эх орноосоо урвах” гэж  зүйл анги байхгүй. Үүнийг сэргээхээр УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлж байна.

Тодруулбал, ирэх сард хэрэгжиж эхлэх Эрүүгийн хуулинд “Эх орноосоо урвах” гэж  нэрлэн заасан “Монгол Улсын иргэн тус улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор гадаад улсын тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн, Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын байгууллагатай хамтран ажилласан, дайны байдалд буюу дайн бүхий байдал зарласан үед  дайсны талд шилжин орсон бол  арван зургаагаас  хорин таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад 19.1 дүгээр зүйл “Эх орноосоо урвах”, 19.4 дэх хэсэг “Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах” гэсэн хоёр гэмт хэрэгт хуваан тодорхойлсон байна.

Тус хуулийг хэрэгжүүлэх мэргэжлийн байгууллагуудаас Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 19.1 “Эх орноосоо урвах”, 19.4 “Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах” гэсэн гэмт хэргүүдийг нэгтгэж “Эх орноосоо урвах” гэсэн нэг гэмт хэргийн шинжид багтаах санал тавьж байна. Иймд эдгээр гэмт хэргүүдийг нэгтгэж “Эх орноосоо урвах” гэмт хэрэг болгон өөрчлөх шаардлагатай гэж үзсэн.

Өөрөөр хэлбэл, эх орноосоо урвах болон гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах  гэмт хэргүүдийн субьект нь Монгол Улсын иргэн, Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилго нь гэмт хэргийн субьектив шинж, дайны, дайн бүхий байдал, зэвсэгт халдлага, мөргөлдөөн, түрэмгийллийн үед дайсны талд дэмжлэг үзүүлсэн,  хамтран ажилласан үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн обьектив шинж болдог. Дээрх 2 гэмт хэргийн субьект, субьектив, обьектив шинжүүд ижил байна.

Тус хуулийг хэрэгжүүлэн ажиллах мэргэжлийн байгууллагуудаас Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 19.1 “Эх орноосоо урвах”, 19.4 “Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах” гэсэн гэмт хэргүүдийг нэгтгэж “Эх орноосоо урвах” гэсэн нэг гэмт хэргийн шинжид багтаажээ. Ингэснээр

 

  • Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 19.4 “Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах” гэмт хэргийг 19.1 дүгээр зүйл “Эх орноосоо урвах” гэмт хэрэгтэй нэгтгэн 19.1 дүгээр зүйл болгон өөрчлөн найруулсан. Үүнийг төслийн 1 дүгээр зүйлд заана.
  • Хуулийн төслийн 2 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 19.4 дүгээр зүйлийг хүчингүй болгохоор заах юм байна.

 

 

УИх-аар асуудлыг хэлэлцүүлэх болно. Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.