Хүн амын цонх үеийг хэвээр хадгалах, залуу насны бүтцээ хадгалах үүднээс жирэмсэн эхэд таван сартайгаас эхлэн төрөх хүртэлх хугацааны тэтгэмж сар бүр 40 мянган төгрөг. 0-3 настай хүүхдийн эхэд сар бүр 50 мянган төгрөгийн тэтгэмж, 4 хүртэлх насны ихрүүдэд хүүхэд бүрийн тоогоор нэг удаад 1-3 сая төгрөгийн мөнгөн тэтгэмж олгоно.

3 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт улирал бүр 240 мянган төгрөг олгож байхаар зохицуулна. Үүнийг тойроод нийгэмд ямар буруу ойлголт байна вэ гэхээр 0-3 гэдгийг андуурч байна. 0-1 настай, 1-2 настай хүүхдүүдэд өгнө гэж ойлгож болохгүй ээ. Нийтдээ 36 сар  тэтгэмж хүртэх ийм зохицуулалт шүү.

Өрх толгойлсон эцэг, эх бол Монгол Улсын 780 мянган өрхийн 16 хувийг хамардаг. Мэдээж урьд нь 500 мянган төгрөгийг шинэ гэр бүлд олгож байх үед хийсвэр гэр бүлийн бүртгэлийг хөөсөргөж байсан. Энэ бүхнээс бид маш том сургамж авч тодорхой зохицуулалтыг энэ хуулиндаа тусгалаа. Иймд ямар нэг байдлаар хуурамчаар гэр бүл салах асуудал үүсгэхгүй гэж харж байгаа.

Ихэр хүүхдэд олгож байгаа тэтгэмжийг болиулах нь гэж бас хүмүүс буруу ойлгоод байна. Хоёр ихэр хүүхдэд тус бүр 1 сая төгрөг олгож байгаа бол 3 ихэр хүүхдэд тус бүр 3 сая төгрөг олгож байгаа. Ийм зохицуулалтууд бий. Уг хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс 72 тэрбум төгрөгийн санхүүжилт хийнэ" гэсэн юм