Сонгуулийн ерөнхий хороо мэдээлэл хийж байна. "Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн хоёр дахь санал хураалтын бэлтгэл  ажил сайн хангагдан, явж байгаа. Аймаг, нийслэл, сум дүүргийн хороод шахуу ажиллаж байна. Саналын хуудас бүрэн хэвлэгдсэн.Дүүргүүдийн саналын хуудсыг хүргэж дууссан. Маргааш гадаадад байгаа иргэд саналаа өгнө. Гадаадад байгаа иргэдийн санал авах ажил бэлэн болсон" хэмээн мэдэгдлээ.

 

Мөн Сонгуулийн ерөнхий хорооны өнөөдрийн хурлаар Баян-Өлгий аймаг дахь санал хураалтын талаар хэлэлцжээ. Энэ талаар  Баян-Өлгий аймгийн Сонгуулийн хорооны дарга Д.Аманбек "Сонгуулийн үеэр манай аймгийн хоёр хэсэг дүн мэдээгээ оройтож дамжуулсан. Баян-Өлгий аймгийн 47 хэсэгт техникийн тооллого хийлээ. Зургадугаар сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймагт техникийн тооллого хийх шийдвэр гарсны дагуу 29-нд тооллого хийсэн. МАН-аас дөрвөн хүнийг ажиглагчаар оролцуулсан. Аймгийн АН болон МАХН-аас тооллогын үйл ажиллагаанд ажиглагчаар оролцохгүй гэдгээ мэдэгдсэн.

 

Ингээд зургадугаар сарын 29,30-ны өдрүүдэд 47 хэсэг дээр техникийн тооллого хийж дууслаа. Тооллогоор Баян-Өлгий аймагт ямар нэгэн зөрчил гараагүй гэдгийг баталгаажуулсан. Үүнийг албан ёсоор мэдэгдэж байна. Мэдээ ирэхгүй саатсан хэсгүүдийн тухайд сумын төвөөс алслагдмал, утасны сүлжээ муу байдаг зэрэг шалтгааны улмаас мэдээ дамжуулахад удсан тал бий" хэмээн мэдэгдэв.