Гэмтэл, согог судлалын үндэсний төв /ГССҮТ/-ийн захирал Т.Мөнхсайхан болон эмч нар тус эмнэлгийн таван эмч орон нутагт автозамын осолд орсон талаар мэдээлэл хийв. 

Ослын тухай албан бус мэдээлэл өчигдөр /2017.07.02/ олон нийтийн сүлжээнд цацагдаж эмч нарыг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийн тушаалаар сонгуулийн ажлаар орон нутгийг зорьсон гэх албан бус ташаа мэдээлэлтэй холбогдуулан албан ёсны тайлбар өгөв.

 

“ГССҮТ-ийн Чанар албаны дарга Р.Гантуяа  болон тус албаны хоёр мэргэжилтэн, Яс, үений гэмтлийн хоёр эмчийн зорчиж явсан УБН 89 79 улсын дугаартай  “Приус” машин Элсэн тасархайгаас нааш 10 гаруй км-ийн зайд зорчиж яваад зорчигч тээврийн автобустай мөргөлдөн, осолдсон нь үнэн.  Энэ нь улс төртэй ямар ч хамаагүй, таван эмчийн биеийн байдал хүнд, бүгд сэхээнд байхад ослыг сонгуультай холбон худал тайлбар хийхгүй байхыг хүсье” хэмээн тус эмнэлгийн ерөнхий захирал Т.Мөнхсайхан онцлон мэдэгдлээ. 

 

Осол өчигдөр /2017.07.02/ 15 цагийн үед гарчээ. Тэд Өвөрхангай аймгаас Улаанбаатар руу зорчиж явсан бөгөөд ГССҮТ-ийнхэн хамт олноороо амралтын өдөр Эрдэнэзуу хийдэд очоод буцах замдаа нэг машин нь осолдож, таван эмч хүнд гэмтсэн байна. Эсрэг урсгалд жуулчид тээвэрлэж явсан дунд оврын автобусны жолооч дүрэм зөрчиж, гэнэт урсгал сөрснөөр осол гарчээ.

 

“Автобус, приус машинтай халз мөргөлдсөнөөс машин нь авах юмгүй болсон гэхээр дотор нь суусан иргэд маш хүнд гэмтсэн нь тодорхой. Осолдсон машины ард ГССҮТ-ийн бусад ажилчин, эмч нарын сууж явсан автобус, машинууд ойрхон явсан учраас цаг алдалгүй осолд өртсөн эмч нартаа эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлжээ. Зам дахь эмнэлгүүдэд орж, яаралтай  тусламж үзүүлсэн. Хоёр цаг гаруйн дараа онцгой болон өөрийн хоёр түргэний машиныг дайчилж, ГССҮТ-ийн эмнэлэгтээ осолдсон эмч нараа авчирч, дотуур цус алдсан нэг эмчээ яаралтай хагалгаанд оруулсан. Үлдсэн дөрвөн эмч нь сэхээнд эмчлэгдэж байна” гэж тус эмнэлгийн зөвлөх эмч Б.Бүргэд ярив.

 

“Орон нутгийн зорчих эгнээ нарийнхан ийм үед жолооч нар дүрэм зөрчөөгүй бол өнөөдөр таван эмч ийнхүү эмнэлгийн орон дээр сэхээнд хэвтэхгүй байлаа. ГССҮТ-д өдөрт ирдэг 300-500 өвчтөний 80 хувь нь автын осолд орсон байдаг. Ослын гол шалтгаан нь орон нутгийн замын чанар болоод хурд хэтрүүлсэн, урсгал сөрсөн зэрэг дүрэм зөрчсөн ухамсаргүй жолооч нартай шууд холбоотой”-г ГССҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал О.Хишигсүрэн онцолж байв.

 

Тэрбээр “Олон нийтэд Эрүүл мэндийн сайдын тушаалаар намын сурталчилгаа зэрэг ажилд оролцсон гэх мэдээлэл ор үндэсгүй. Манай эмч нар энэ жилийн хувьд “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд орон нутагт ажилласнаас өөр хөдөөд албан ёсоор ажилласан тохиолдол байхгүй. Энэ осол уг хөтөлбөртэй хамаагүй. Эмч нар маань чөлөөт цагаараа явж байгаад харамсалтай осолдлоо. Ийм хүнд үед олон нийтэд ташаа мэдээлэл хүргэхгүй байхыг иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагуудаас хүсч байна” гэв.

 

Д.Өлзий

Эх сурвалж: Монцамэ агентлаг