Засгийн газраас бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох шийдвэр гарсантай холбоотойгоор мөнгө олголтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэсэн. Одоогоор ХНХЯ, Сангийн яамны зүгээс Монголбанк руу нийт 48.4 тэрбум төгрөг шилжүүлээд байгаа аж.

Энэ дагуу өчигдрөөс данс руу мөнгө орж эхэлснийг онцоллоо. Энэ оны 1-7 дугаар сарын хүүхдийн мөнгийг 403 мянга 445 хүүхдэд нөхөн олгож байгаа. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат "Маш олон данс руу мөнгө шилжиж байгаа учраас гүйлгээний хувьд бага зэргийн асуудал гарч байгаа.

Өнөө оройны 17.00 цаг гэхэд нийт 403 мянга 445 хүүхдийн мөнгө шилжиж ороод дуусна. Үүнээс гадна хүүхдийн мөнгө авч байгаа хүүхдүүдийн долдугаар сарын мөнгийг өнөөдрөөс эхлэн олгож байна. Энэ нь 18.7 тэрбум төгрөг болсон. Тиймээс маргааш өдрийн 12:00-13:00 цагт бүх хүүхдүүдийн мөнгө дансандаа бүрэн орж дуусна" гэв. Мөн шинээр төрсөн хүүхдүүдийн хувьд данс нь нээгдээгүй учраас маргаашийн дотор дурын банкинд очиж өргөдөл бөглөөд, дансаа нээлгэж хүүхдийн мөнгөө авах боломжтой талаар мэдээллээ.