Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хо Ши Миний нэрэмжит, улсын тэргүүний 14 дүгээр сургуулийн ариун цэврийн өрөөний тааз нурсан гэх мэдээлэл гараад байгаа. Үүний дагуу бодит байдалтай танилцахаар тус сургуулийг зорилоо.

Биднийг очиход сургуулийн А байрных нь хоёр талын ханан дээр “нурах аюултай” гэж улаан будгаар бичиж, орохыг хориглосон тууз тойруулан татсан байлаа. Ер нь энэ сургуулийг гаднаас нь харахад ч хэзээ мөдгүй нурж унах дээрээ тулсан нь илт ажээ. Өнгөрсөн пүрэв гаригт А байрных нь ариун цэврийн өрөөний тааз нурж багш, сурагчид төдийгүй эцэг эхчүүдийг багагүй сандаргаад авчээ. Тааз нурах үед хүүхдүүд хичээлтэй байсан ч азаар аваар осолд өртөж, бэртэж гэмтээгүй байна. Уг нь Үндсэн хуульд “Хүүхэд эрүүл аюулгүй орчинд сурч, боловсрох эрхтэй” гэсэн заалт бий. Гэвч эл байдлыг харахад манай улсад сурагчдын эрхийг хаана, хэрхэн хангаж байна вэ гэдэг нь эргэлзээтэй хэвээр... Тус сургуулийн удирдлагууд хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг хангахын тулд өнгөрсөн баасан гаригаас үйл ажиллагаагаа бүрэн зогсоон, НМХГ-т хандахад “Үйл ажиллагаа явуулах боломжгүй” гэж барилгыг бүхэлд нь акталжээ. Уг нь тухайн барилгад мэргэжлийн хяналтаас 2002, 2010, 2013 онд ашиглалтын шаардлага хангахгүй тухай дүгнэлтийг тус тус гаргаж байсан байна. Харамсалтай нь боловсролын салбар мэргэжлийн байгууллагын “Эрсдэлтэй” гэсэн дүгнэлтийг өнөө хүртэл үл ойшоож, засвар шинэчлэлт хийлгүйгээр хүүхдийн амь нас, эрүүл мэндэд аюул учрах эсэхэд аз туршин үйл ажиллагаа явуулсаар байсан аж. 14 дүгээр сургууль А, Б гэсэн хоёр барилгатай бөгөөд А байр ашиглалтад ороод өдгөө 60 гаруй жилийг элээсэн байна. Өөрөөр хэлбэл, 1949-1950 оны хичээлийн жилд 75 сурагч, хоёр багш, хоёр ажилтантай үйл ажиллагаа эхлүүлж байсан бол өнөөдөр 2700 гаруй сурагч, 140 гаруй багш ажилчидтай болсон байна. Өнөөдрийн байдлаар тус сургуулийн сурагчид сургуулийн өргөтгөлийн барилга болон Шавь цогцолбор, 44, 92 дугаар сургуулиудад хуваарилан хичээллэж байгаа ажээ. 
 

АЗААР АРИУН ЦЭВРИЙН ӨРӨӨНД ХҮН БАЙГААГҮЙ 
 
14 дүгээр сургуулийн захирал В.Цэцгээ 

-Танай сургуулийн ариун цэврийн өрөөний тааз юунаас шалтгаалан нурсан бэ? 
-Пүрэв гаригийн өдрийн ээлжийн хичээл орж байхад тааз нурсан. Азаар ариун цэврийн өрөөнд хүн байгаагүй. Завсарлагааны цаг таарсан бол хүүхдүүд бэртэж гэмтээд, асуудал их гарах байсан байх. Манай сургууль хагас зуун жил сургалт, хүмүүжлийн үйл ажиллагааг тасралтгүй явуулсан учраас сургуулийн барилга муудсан. Тааз нурсан даруйд бид НМХГ, Онцгой байдлын газарт мэдэгдсэн. Тэгээд мэргэжлийн хяналтаас барилгын ашиглалтын хугацаа дууссан гэх дүгнэлт үйлдэж, акт тогтоогоод явсан. Өөрөөр хэлбэл, газар хөдлөлтийн үед тэсвэргүй, сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн. 

-Танай сургуулийн сурагчид өчигдрөөс эхлэн Шавь цогцолбор, 44, 92 дугаар сургуулиудад хуваарилагдан хичээллэж эхэлсэн. Тэндээ очоод гурван ээлжээр хичээллэж байгаа юу? 
-Сургуулийн байргүй боллоо гээд сурагчид хичээлээс завсардах ёсгүй. Гэхдээ сурагчдынхаа аюул гүй байдлыг хан гах үүднээс өнгөрсөн баасан гаригт хичээллээгүй. Одоогийн байдлаар өөрийнхөө сургуулийн Б байранд, мөн Шавь цогцолбор сургуульд гурван ээлжээр хичээллэж байгаа. Харин 44, 92 дугаар сургуульд хоёр ээлжээр хичээллэж байна. 
 
АНХААРАЛ ХАНДУУЛАХ ЦАГ ХЭДИЙНЭ БОЛСОН ГЭДГИЙГ 
14 ДҮГЭЭР СУРГУУЛЬ ХАРУУЛЛАА 

Хүн амын хэт их төвлөрлийг дагаад сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ жилээс жилд багасч байгаа. Үүнээс шалтгаалж нэг ангид 40-50 хүүхэд шахалдаж, гурван ээлжээр, нэг ширээнд гурав, дөрвүүлээ тохой нийлүүлэн суух болсон. Сонгууль дөхөөд ирэхээр эрх баригчид дүүрэг бүрт шинээр хэд, хэдэн сургууль цэцэрлэг барина гэж амладаг. Гэвч сонгогдсоныхоо дараа амлалтаасаа урвадаг нь нууц биш. Сайд, дарга нар шинэ сургууль барьж өгдөггүй юмаа гэхэд ядаж байгаа хэдийг нь тордоход анхаарал хандуулах цаг хэдийнэ болсон гэдгийг 14 дүгээр сургууль харууллаа. Уг нь хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө бүх сургууль, цэцэрлэгт засвар хийдэг ч хичээл эхлээд удаагүй байхад зарим нь нурж унахдаа тулж байна. Жил бүр л сургууль, цэцэрлэгийн засварын ажилд олон арван тэрбум төгрөг төсөвлөдөг. Гэтэл тэр их мөнгө яг юунд зарцуулагдаж, хаашаа ороод байна вэ. Аль эрт 1900-гаад онд барьсан сургуулийн барилгууд эхнээсээ ашиглалтын хугацаа нь дуусч, нурж буй нь ямар нэгэн арга хэмжээ яаралтай авахгүй бол болохгүй гэсэн дохиог өгч байгаа юм. Үүнээс харахад боловсролын салбар өнөөдөр ямар төвшинд, хэрхэн үйл ажиллагаа явуулж буйн үнэн бодит жишээ нь энэ гэхэд болно. Энэ мэтчилэн өнгө үзэмж нь гундаж, ашиглалтын хугацаа дууссан барилгууд бяцхан үрсийн амь нас, эрүүл мэндэд заналхийлж байна. 
 
 
СУРГУУЛИЙН БАРИЛГЫН АСУУДАЛ 
ХЭЗЭЭ ЭЦЭСЛЭГДЭХ ВЭ 

Дампуурах шахсан боловсролын салбарт гарч буй тулга тойрсон асуудлыг бид хэд хэдэн жишээнээс харж болох юм. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд байрлах Монгол гуравдугаар сургуулийн барилга ч мөн адил ашиглалтын хугацаа нь дуусч, ашиглах боломжгүй гэсэн актын дагуу нураасан. Харин сурагчид нь өөр сургуулийн хичээлийн байр дамжиж өвлийн хүйтэнд даарч явна. Үнэхээр ашиглалтын хугацаа нь дуусч цаашид ашиглах боломжгүй болсон сургуулийн барилгыг нураан шинэчлэх ажлыг яаралтай эхлүүлэх хэрэгтэй. “Миний хүүхэд ийм сургуульд сурдаггүй” гээд тоохгүй орхих уу, мянга мянган хүүхдийн эрүүл, аюулгүй байдлын асуудал гээд анхааралдаа авах уу гэдгийг олон эцэг эх харж байгаа. Уг нь 2014-2015 оны хичээлийн жилд хороо бүрт сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих мэдээлэл гарч байсан. Гэвч ирэх жилийн төсөвт 731 обьектод бүх төрлийн барилга багтаад хөрөнгө оруулах санал оруулснаас төсвийн тодотголоор 96 төслийг хасч, 144 төслийг хойшлуулсан. Гэтэл хойшлуулсан 144 төслийн 80 гаруй хувь нь сургууль цэцэрлэгийн байр байгаа нь харамсалтай. Манай улсад ус, агаар шиг дутагдаж буй зүйл бол яахын аргагүй сургууль, цэцэрлэгийн байр гэдгийг хүн бүр мэднэ. Хүүхдүүд гурван ээлжээр хичээллэж, зарим хэсэг нь сургуульд суралцаж чадахгүй дээрээ тулаад байгаа боловсролын салбар ойрын хэдэн жил байргүйн зовлонгоосоо бас л салж чадахгүй нь бололтой.
 
 
С.ИЧИНХОРЛОО