Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан Нийслэлийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж, нөхцөл нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.


СХД-ийн 22 дугаар хорооны Шижирийн ам гэдэг газар иргэн н.Серкболын 17 үхрээс авсан шинжилгээний сорилд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин болох нь тогтоогджээ. Тиймээс Нийслэлийн Онцгой комиссоос өвчний голомтод 21 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоолоо.

Нийслэлийн Онцгой комиссын дарга С.Батболд “Олон нийт, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэнд халдаж, мал, амьтны өвчин тараачихаад нөхөн төлбөр нэхдэг байж болохгүй. Тиймээс малаа вакцинд хамруулаагүй, үүргээ биелүүлээгүй иргэнд хариуцлага тооцох хэрэгтэй. Тухайн хэсэгт хүрч ажиллаж чадаагүй мал эмнэлгийнхний эрхийг түдгэлзүүлж, мэргэжлийн хяналтын газрын байцагчид хариуцлага тооцох ёстой" гэлээ. Түүнчлэн мал, амьтны гоц халдварт өвчин гарсан, хуурайшилт ихтэй байгаа зэргийг харгалзан энэ жил “Даншиг наадам-Хүрээ цам” наадмыг хийхгүй байх шийдвэр гаргалаа.
 

Хурлын төгсгөлд нийслэлийн Онцгой комиссоос холбогдох газрын удирдлагуудад зарим үүрэг даалгаврыг өглөө. Тухайлбал, НОБГ-ын дарга Н.Уламбаярт шүлхий өвчний голомтод өдөр тутам хяналт тавих үүрэг гүйцэтгэж буй бие бүрэлдэхүүний аюулгүй ажил, хөдөлмөр хамгааллыг чанд сахин ажиллахыг даалгав.

Мөн Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэнд голомтын бүсэд ажиллаж байгаа хяналтын цэгийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл боломжоор хангаж, нийтийг хамарсан ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болгов. Түүнчлэн шүлхийн голомтод мал амьтан оруулж, гаргахгүй байх, өвчин анх гарсан шалтгаан, нөхцөлийг тогтоох, өвчилсөн мал, амьтныг устгах болон ариутгах зэргийг Нийслэлийн цагдаагийн газар, НМХГ-т үүрэгдлээ