Түр зуурын борооны улмаас СХД-ийн 21-р хороонд үер бууж 3 хүний амь эрсдэж, 12 айл орон гэргүй болсон. Тодруулбал, 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 16:30 цагийн үед 15 минут орчим орсон хүчтэй аадар борооны улмаас тус хорооны 1, 2 дугаар хэсгийн Жаргалант, Аюуш, Өндөрхааны гудамжуудад нийт 40 айл, өрх өртөж, үерт 3 хүн амь насаа алдаж, 4 хүний амь насыг иргэд авран хамгаалсан байна.

Дүүргийн онцгой комисс хуралдаж

  • Хохирол тогтоох ажлын хэсэг
  • Сэргээн босгох ажлын хэсэг
  • Ариутгал тохижилт үйлчилгээний ажлын хэсэг
  • Нийгмийн асуудал хариуцсан ажлын хэсэг
  • Хяналтын ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. 

07 дугаар сарын 26-ны 16:00 цагийн байдлаар тус хороонд дүүргийн онцгой комиссын 15, дүүргийн Засаг даргын Тамгын газрын 15, Улаанбаатар шинэчлэл ХХК-ийн 19, дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн 5, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30, дүйцүүлэх албаны 10, Тээвэрлэлт цэвэрлэгээ үйлчилгээний 35, тээвэрлэлт үйлчилгээний 5, иргэдийн бүлгийн 30, сайн дурын гишүүдээс бүрдсэн нийт 150 гаруй хүн ажиллалаа. 

 

21-р хороонд болсон үерийн голомтод 20 цагийн байдлаар ажиллаж байгаа нөхцөл байдлаар  амь насаа алдсан А-гийн бүтэн өнчин үлдсэн 9 настай хүүхдийн асран хамгаалагч тогтоохоор дүүргийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн хэлтсийн 5 албан хаагч ажиллаж байна.  

Үерийн улмаас 7 айлын гэр урсаж, 5 айлын гэр нуран ашиглах боломжгүй болж, нийт 12 айл орон гэргүй болоод байна. Мөн 28 айлын хашаа усанд урсаж эвдэрсэн байна. Ард иргэдийн 5 машин усанд урсаж сүйдсэнийг эзэмшигчдийг нь тогтоон хүлээлгэн өгөх ажил хийгдэж байна.

Үерт улсын 3, хувийн 8 худаг өртсөнөөс мэргэжлийн хяналтын хэлтэс шинжилгээ авсан бөгөөд шинжилгээний хариу 72 цагийн дараа гарах тул иргэдийг ундны усаар хангах ажлыг Ус сувгийн удирдах газрын 2 машинтай бүрэлдэхүүн гүйцэтгэж байна.

21-р хорооны 70га орчим газар лаг шаварт автсаныг 12 машин, 4 ковш бүхий 116 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж 44 удаагийн рейсээр 73 гудамжний 242 тонн хог, лаг шаврыг ачиж цэвэрлээд байна.  

Нийт 111 нүхэн жорлон хальсныг “УБ Ариутгал” ХХК ариутгалаа. Мөн 3 гүний худгийн дотор гадны ариутгал, 90 бохирын цооногийг 5 хүний бүрэлдэхүүнтэй ариутгаж байна.

Нийт 16 бод мал усанд урсаж үхсэнийг ариутгаж, халдваргүйжүүлэх ажлыг хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, дүүргийн онцгой байдал, мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтран гүйцэтгэж байна.

МУЗН-ийн Үндэсний Гамшгаас хамгаалах баг 23 өрхийн 115 хүнд хувцас, усны сав, хөнжил, 460 ширхэг ариутгагч бодис зэрэг 1,650,000 төгрөгийн эд материалыг хүргэлээ.  

Дүүргийн эрүүл мэндийн төвийн 5 эмчийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 54 хүнд эмнэлгийн үзлэг оношилгоо хийж, 5 төрлийн эм тариагаар хангаж, үер усны үед халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх заавар зөвлөгөө өгч, зурагт хуудас, материал тарааж байна.