Монголын Орчуулагчдын Эвлэлээс жил бүр шинэ үеийн залуу орчуулагч нарын дунд уламжлал болгон зохион байгуулдаг "Дэлхийн сонгодог богино өгүүллэгийн орчуулгын уралдаан" энэ жил амжилттай болж өндөрлөлөө.

Дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү уралдаанд 30 гаруй залуус орчуулсан бүтээлээ ирүүлснээс шилдэг 22 залуу орчуулагчдын 29 өгүүллэгийг "Сонгодог өгүүллэгийн дээжис-4" номонд эмхэтгэн оруулсан юм. Монголын томоохон шатахуун импортлогч "М-Ойл" групп ивээн тэтгэж хэвлүүлсэн энэхүү номын нээлт өнөөдөр /2017.07.29/ "Азхур" номын их дэлгүүрт боллоо.



Нээлтийн үеэр уралдааны дүнг танилцуулж, байр эзэлсэн шилдэг орчуулагчдад шагнал гардуулав. Энэ жилийн "Дэлхийн сонгодог богино өгүүллэгийн орчуулгын уралдаан"-д оролцогчдоос Тэргүүн, Дэд, Гутгаар байраас гадна гурван Тусгай байрыг шалгаруулсан билээ.

Ийнхүү Тусгай байрын шагналыг Г.Сүрэн, Г.Сугиррагчаа, Д.Золбоо нар хүртсэн байна.



Харин гуравдугаар байрыг Ц.Эрдэнэцэцэг, хоёрдугаар байрыг Д.Ариунболд, тэргүүн байрыг Мө.Батбаяр нар эзэлж, шагналаа гардан авлаа.