Ransomware болон cryptoware-ийн заналхийлэл өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулан Интерпол www.NoMoreRansome.org –оор дамжуулан “No More Ransome” төсөлд нэгдэж гишүүн улсуудаа мөн адил нэгдэхийг уриалж байна.

Ransomware нь хэрэглэгчийн компьютерт нууц далд аргаар ажиллаж мэдээллийг шифрлэх буюу нууцлан  ашиглах боломжгүй болгон улмаар файлуудыг буцаан хэвийн болгох түлхүүр  үгийг  төлбөр  төлж авахыг шаардах байдлаар ажилладаг. Энэ төрлийн хортой код гол төлөв цахим шууданд хавсаргасан файл, найдвартай бус эх сурвалжаас татсан програм хангамжаар халхавчлан тархаж байна.                                 

Интерполын гишүүн улсууд дэлхий нийтийг хамарсан Wannacry, ransomware халдлагад ихээр өртөж байна. Компьютерийн систем болон мэдээллийг барьцаалан айлган сүрдүүлж мөнгө нэхэх зорилгоор ransomware халдлага үйлдэгддэг. Энэ гэмт хэрэгтэй тэмцэх нэг арга бол гэмт этгээдүүдэд ашиг хонжоо олох боломжыг хаах юм. Үүний тулд “No More Ransom” Төсөлд нэгдэхэд хангалттай. Энэхүү төсөл нь 2016 оны 12 дугаар сараас хойш 10000 гаруй хохирогчдод туслалцаа үзүүлсэн байна.

 

 

Иргэд, аж ахуй нэгжүүд, төрийн байгууллагууд “No More Ransome” төслөөр дамжуулан дараах үйлдлүүдийг хийх боломжтой. Үүнд:

• Ransomeware халдлагаас хэрхэн урьдчилан сэргийлэхэд суралцах, боломжит хохирлыг хязгаарлах

• Ransomeware халдлагад өртсөн тохиолдолд яг ямар төрлийн ransomware ашиглагдсаныг олж тогтоох

• Тодорхой төрлийн ransomware-д зориулсан түгжигдсэн мэдээлэл, код тайлах хэрэгсэл татаж авах

• Хэрэв тухайн улс энэхүү төсөлд нэгдсэн бол үүгээр дамжуулан цагдаагийн байгууллагад гомдол гаргах 

 

Өнөөдрийн байдлаар тус төсөл түгжигдсэн мэдээлэл, код тайлах зориулалттай, 14 хэл дээр үйлдэгдсэн, олон төрлийн хэрэгслийг үнэ төлбөргүй олгож байна.

"No More Ransom” төсөлд үнэ төлбөргүй нэгдэж болох бөгөөд Интерполын бүх гишүүн улсуудад нээлттэй. Төрийн болон хувийн хэвшлийн нэгдсэн энэхүү платформоор дамжуулан Ransomware болон Cryptoware-ийн гэмт хэрэгтэй тэмцэж чадах юм.