Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОУВС-гийн ажлын хэсгийн ахлагч Коши Матайг хүлээн авч уулзсан билээ.

Ажлын хэсгээс ОУВС-тай хамтран хэрэгжүүлж байгаа Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн эхний үнэлгээг хийсэн бөгөөд ингэснээр хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлэх нэн тэргүүний бодлогын арга хэмжээг цаг хугацаанд нь амжилттай хэрэгжүүлж, хөтөлбөрийн эхний шатанд хүрэх ёстой үр дүнд хүрсэн тул эхний шатны үнэлгээг “Амжилттай хэрэгжүүлсэн” гэж дүгнэх боломжтой болсон байна.

Эдийн засгийг сэргээх, макро эдийн засгийн тэнцвэрийг тогтоох талаар Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлогын нөлөөлөл түргэн хугацаанд нааштай үр дүн гарч байна. Тухайлбал, төгрөгийн ханш тогтворжиж, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэн, ажлын байр нэмэгдэх, эдийн засгийн идэвхжил сэргэх, төсвийн алдагдал буурах  зэрэг үр дүн гарч  байгааг ОУВС-гийн ажлын хэсгийн ахлагч энэ үеэр дурдсан юм.

Хэдийгээр эдийн засгийн өсөлт бий болж байгаа ч, эмзэг хэвээр байгааг анхаарч, цаашид өсөлтийг баталгаажуулах, тогтвортой байлгахын тулд Засгийн газар тууштай ажиллаж, шинэтгэлийг үргэлжлүүлэх нь чухал байгааг тэрбээр мөн онцоллоо. Эдийн засагт тулсан байсан эрсдлийг хазаарлан, эдийн засгаа сэргээх замд орсноор Засгийн газар үйлдвэржилт, дэд бүтэц, экспорт, хөгжлийн төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх боломж олгож байгааг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тэмдэглээд цаашид хөтөлбөрийг амжилт­тай хэрэгжүүлж, улс орноо хямралаас гаргахын тулд Монгол Улсын Засгийн газар хичээж ажиллана гэлээ.

Үндэсний шуудан сонин