Загвар сонирхогчдын хэдийнээ танил болсон "Мисс Монголиа 2010" тэмцээний авьяаслаг мисс, "Манжуурын гоо бүсгүй" тэмцээний гуравдугаар байрын шагналт, Азийн топ модель, Солонгосын "Керасис"-ын нэрэмжит шилдэг загвар өмсөгч шагналын эзэн, "Catwalk" хамтлагийн дуучин, Т.Туяамаа.

Түмэнжаргалын Туяамаа 1992 оны гуравдугаар сарын 23-нд Дорнод аймагт төрсөн. Хоёр ахтай, айлын эрх охин нэлээд сахилгагүй байсан гэдэг. Багаасаа загвар өмсөгч болохыг хүсдэг байсан бөгөөд хоёр настай байхаасаа ээжийнхээ оёсон хувцсыг орцныхондоо өмсөж үзүүлдэг байжээ. Тиймээс түүнийг байрныхан "орцны мисс" гэж өхөөрдөн дууддаг байжээ.

Хамгийн анх тавдугаар ангид байхдаа "Үнсгэлжин" тэмцээнд оролцож, 14 настайдаа Дорнод аймагт "Азийн модель" агентлагаас явуулсан сургалтад суусан нь түүний загварын ертөнцөд хөл тавих эхлэл нь байв. Туяамаад загварын А үсгийг зааж, хөтөлж оруулсан багш нь "Азийн модель" агентлагийн тэргүүн Ч.Содтуяа юм. 

Улаанбаатарт оюутан болж ирээд "Шилмэл загвар"-т гэрээт загвар өмсөгчөөр ажиллахаар болсон гэдэг.

Монголын рок попын түүхэнд анх удаагаа загвар өмсөгч охидоос бүрдсэн “Catwalk” хамтлагийн дуучин тэрбээр багаасаа л дуулах сонирхолтой хүүхэд байсан гэдэг. Тэрбээр "Загвар өмсөгч хүн байнгын л гоё сайхан байж, өөрийгөө хөгжүүлж байх хэрэгтэй. Ингэж чадахгүй бол тэртэй тэргүй тайзнаас бууна. Хатуу талбар" гэж өөртөө өдөр бүр хэлж хатуу шаардлага тавьдаг нэгэн. Мөн багаасаа шүлэг бичих сонирхолтой үүнийгээ өөрийнхөө хобби гэдэг.

Д.Ана