Их тэнгэрийн амны наана буюу “Маршал”- ын гүүрний зүүн талд, барилга барихаар зэхэж Туулын бургасыг хядаад эхэлжээ.  Уг барилгын гүйцэтгэгчээр “АВТ” групп ажиллаж байгаа бөгөөд тус газарт 20 хаус барихаар төлөвлөсөн юм байна.

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт барилга барих зөвшөөрлийг Нийслэлийн газрын алба олгодог.  Өмнө нь уг компанид газар олгочихсон байсан ч сайдын тушаалаар газар ашиглах зөвшөөрлийг нь цуцласан билээ.

Тодруулбал, хаус барихаар зэхээд байгаа энэхүү газрын зөвшөөрлийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролын тушаалаар цуцласан гэнэ. Түүний дагуу “Зүүнбаян Рэйфанерн” гэх компанид 2017 оны долдугаар сарын 27-ны өдөр газрын эрх дуусгавар болгох мэдэгдэл хүргүүлжээ.

Мэдэгдэл хүргүүлснээс 90 хоногийн дотор газрыг анхны байдалд нь оруулж хүлээлгэн өгөх ёстой юм байна. “Зүүнбаян Рэйфанерн” гэх компанийн захиалгаар “АВТ” групп гүйцэтгэлийг нь хийх буй барилгын үйл ажиллагаа явуулж буй газрынх нь зөвшөөрөл цуцлагдсан. Ирэх арваннэгдүгээр cap гэхэд “Маршал”- ын гүүрний зүүн талын газрыг хуучин хэвэнд нь оруулах юм байна.


Богдхан уулын дархан цаазат газрын Бага тэнгэрийн амны хязгаарлалтын бүсэд “Зүүнбаян рефайнери” ХХК бургас мод ихээр сүйтгэж, байгаль орчинд хохирол учруулж байсан. Одоо ч барилга барихаар зэхсээр байна. Зарим тоног төхөөрөмжөө хүртэл авааччихаж.

 “Зүүнбаян рефайнери” ХХК Богдхан уулын дархан цаазат газрын Багатэнгэрийн амны хязгаарлалтын бүсэд 2008 оны наймдугаар сарын 22-ны өдрийн 283 тоот тушаалаар 4 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийг анх авсан юм билээ.  Тус компани 2014 оноос хойш хүртэл нийт 2 га газрын бургас сүйтгэсэн бөгөөд холбогдох газраас удаа дараалан зөрчлөө арилгах шаардлагыг хүргүүлсэн ч хэрэгжүүлдэггүй байсан гэнэ.

Тухайлбал, 2014 оны тавдугаар сарын 29-ны өдөр Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас хяналт шалгалт хийж  бургас сүйтгэсэн зөрчилд 6.5 сая төгрөгийн торгууль оноосон байна.

2016 оны есдүгээр сарын 19-ны өдөр тухайн компанийн ашиглаж байгаа талбайг дахин шалгахад бетон зуурмаг үйлдвэрлэх тоног төхөөрөмж байрлуулсан, бургас ихээр огтолсон зөрчлүүд дахин илэрсэн ч байцаагчийн тавьсан шаардлагыг биелүүлэх боломжгүй гэсэн хариултыг өгчээ.

Харин 2017 оны тавдугаар сарын 1-ний өдөр Нийслэлийн байгаль хамгаалах газартай хамтран хийсэн үнэлгээний дагуу 12.3 сая төгрөгөөр торгосон боловч өнөөг хүртэл зөрчлөө арилгаагүй аж.

Сайдын тушаал гаргаж, “Зүүнбаян рефайнери” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалсан ч одоогоор барилгын ажлаа эхлүүлж буй юм. Ийм том толгойтой, хууль үйлчилдэггүй компанын ард хэн гэгч улстөрч байгаа вэ.

Үргэлжлэл бий...

Г.Наран