Богд хан уулын Залаатын аманд баригдах “White hills” амралт, аялал жуулчлалын цогцолбор нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулж эхлээд байна. Энэхүү цогцолбор нь Ориент тал кэмп ХХК-ний эзэмшлийнх. Эзэн нь Эрчим хүчний сайд Д.Зоригтын төрсөн дүү Д.Оюунжаргал ажээ. Д.Оюунжаргал нь ТОСК-ийн орлогч дарга асан юм.

Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Н.Батсансар ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТАГТ ГАЗАР АШИГЛАХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ТҮР ЖУРАМ-ыг үндэслэн Ориент тал кэмп ХХК-ийг тус нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээнд нь гарын үсэг зуржээ. Энэ гэрээг 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаатай байгуулсан байна.

Тус компани нь Дархан цаазат Залаатын ам нэртэй газрын 3,11 га газрыг аялал жуулчлалын зорилгоор ашиглаж эхлэх гэж буй нь энэ. Ийнхүү Дархан цаазат газрын Богд уулын зүүн урд уулыг хятад барилгачдаар хайр найргүй ухуулж байгаад иргэд харамсан, шүүмжилж байгаа юм. Байгаль дэлхийдээ хүйтэн цэвдэг сэтгэлээр хандаж, ашиг хонжоо олох гэсэн шуналд автсан ийм үйлдлийг таслан зогсоохийг шаардаж байна.

Арай ч дээ, Д.Оюунхорол сайд аа Залаатын аман дахь Богд уул мөнгө болж харагдаад байна уу. Богд уул руугаа ингэж халдахгүйгээр, онгон дагшин хэвээр нь үлдээхийг Байгаль орчны сайдаас уул усны савдагын өмнөөс алга хавсарч, залбиран гуйя.

Б.Баярмаа

ardchilal.mn