Монголын нийтийн дууны ертөнцөд залуу шинэ үеийнхэн хүч түрэн орж ирж буй энэ цаг үед  өнгө аяс, дуу хоолойгоороо олонд танигдан  буй дуучдын нэг нь залуу дуучин Э.Сүрэнхорлоо юм. Тэрээр уран бүтээл туурвиад жил гаруйн хугацаа болж байгаа хэдий ч олон дуу, клипээрээ  үзэгч түмэнтэйгээ уулзаад байгаа билээ. Хайртай хүнтэй байхын жаргалыг өгүүлсэн “Чамтайгаа учрах орчлон” дуу нь сонирхолтой клипийн хамт үзэгч, сонсогчдод таашаагдсан.

Тэгвэл дуучин Э.Сүрэнхорлоогийн ээжийн тухай нэгэн уянгалаг сайхан дуу хүмүүсийн чихийг баясгаж, сэтгэлийг тайтгаруулах болсон аж. Тодруулбал  МУСТА Н.Пүрэвийн шүлэг, О.Эрдэнээгийн ая “Бишрэм яруу ээж” хэмээх сайхан уран бүтээл юм. Ард түмний дунд хоногшин үлдсэн ээжийн тухай дуунуудын нэгэн адил ачлалт ээжийгээ магтан дуулсан энэхүү дууны клипэнд уг дууны уран бүтээлчид болох яруу найрагч, хөгжийн зохиолч, дуучин маань өөрсдийн ээжүүдийн хамт тогложээ. Тэрээр өөрийн хамгийн үнэнч сонсогч, дэмжигч болсон ээжийнхээ хамт амьдардаг бөгөөд энэ дуугаараа ээждээ бэлэг барьжээ. Мөн залуу дуучин маань анхны бие даасан цомгийнхоо ажилд орсон бөгөөд удахгүй та бүхний сонорыг мялаах сайхан бүтээлүүдийн нэг болно гэдэгт итгэлтэй байна.