Удахгүй хичээлийн шинэ жил эхлэн бяцхан жаалууд маань эрдэм номын мөр хөөхөөр бэлтгэлээ базаан суугаа билээ. 2017-2018 оны хичээлийн төрийн өмчийн 136, төрийн бус өмчийн 105, нийт 241 сургууль үйл ажиллагаа явуулж 1-р ангид 31 мянга 110 орчим суралцагч, бага ангид 139 мянга 226, дунд ангид 72 мянга 940, ахлах ангид 37 мянга 427, нийт 249 мянга 593 суралцагч хамрагдах урьдчилсан тоо гарсан.

Тэгвэл эдгээр сурагчийн хичээлийн гол хэрэглэл болох дэвтэрийг зөв сонгохгүй бол тэдний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй. Учир нь саяхан Хятад улсад нэгэн мэдээлэл тарсан нь дахин боловсруулсан цаасаар хийсэн сурагчийн дэвтэр, ариун цэврийн цаас зэрэгт ашигладаг цайруулах бодис болон химийн бусад бодис нь арьсны элдэв өвчин, тууралт зэргийг бий болгодогоос гадна нойр хоолонд муу болгох бүүр ноцтой нь хорт хавдар тусах, нөхөн үржихүйн системийг доголдуулж хүүхдийн оюун санаанд сөргөөр нөлөөлж буйг тус улсын мэргэжилтнүүд илрүүлэн энэ төрлийн бүтээгдэхүүнийг ашиглахгүй байхыг уриалсан мэдээлэл цацжээ. 

Тиймээс удахгүй эхлэх Хичээлийн шинэ жилтэй холбогдуулан эцэг эхчүүдэд сэрэмжлүүлэг хүргэн дахин боловсруулсан цаасаар хийгдсэн Хятад улсад үйлдвэрлэсэн гааль, хяналтын газрын бүртгэлгүй элдэв төрлийн цаастай дэвтэр зэргийг худалдан авахгүй байхыг зөвлөж байна. Энэ нь таны үр хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэдгийг ухамсарлах хэрэгтэй болов уу. 
 
Ямартаа ч Хятадад чанаргүй цаасан агуулагдах цайруулагч бодисийн хор хөнөөлийн талаар иргэддээ сэрэмжлүүлэг хүргэн тэднийг хамгаалж байгаа. Харин манай улсын  холбогдох байгууллагууд ч энэ тал дээр анхаарлаа хандуулан судлаж үзэхэд гэмгүй болов уу. Хичээлийн шинэ жил эхлэнтэй зэрэгцэн иргэд урд хөрш руу явж гарал үүсэл нь мэдэгдэхгүй олон төрлийн бараа бүтээгдэхүүн оруулж ирдэг оргил үе ирээд байгаа шүү эрхэмүүд ээ