Цэцэрлэгт шинээр элсэж буй хоёр настай хүүхдийг энэ жилээс эхлэн цахимаар бүртгэж байгаа билээ. Цэцэрлэгийн цахим бүртгэл өнгөрсөн долоодугаар сарын 25-аас энэ сарын 24-ний шөнийн 23:59 цаг хүртэл үргэлжилнэ. Цэцэрлэгийн цахим бүртгэл дуусахад ердөө нэг өдрийн хугацаа үлдээд байна.

Нийслэлийн хэмжээнд хоёр настай, энэ жил шинээр цэцэрлэгт элсэх 39 мянга орчим хүүхэд бий.

Одоогийн байдлаар цэцэрлэгийн цахим бүртгэлд нийслэлийн хэмжээнд 21341 хүүхэд бүртгүүлээд байгаа аж. Тухайлбал, Багахангай дүүргийн цэцэрлэгт хамгийн бага буюу хоёр настай 45 хүүхэд авахаас 37 хүүхэд бүртгүүлээд байгаа аж. Харин Баянзүрх дүүрэгт хамгийн их буюу хоёр настай 5328 хүүхэд бүртгүүлснээс 2037 хүүхдийг цэцэрлэгт элсүүлэх гэнэ. Хамгийн их хүүхэд бүртгүүлсэн 80 дугаар цэцэрлэгт 360 хүүхэд бүртгүүлснээс хоёр настай 70 хүүхдийг цэцэрлэгт элсүүлэх юм байна.

Цэцэрлэгийн цахим бүртгэлийн tsetserleg.ulaanbaatar.mn сайт ашиглалтад орсноос хойш 95 мянга гаруй хандалттай байгаа аж.

Энэ сарын 25-ны өдөр 10-12 цагийн хооронд тухайн цэцэрлэг дээр цэцэрлэгийн эрхлэгч элсэлтийг зохион байгуулна. Тухайн цэцэрлэгт элсэхээр сугалаагаар сонгогдсон хүүхдүүдийн мэдээлэл нийслэлийн Мэдээлэл технологийн газарт ирснээр tsetserleg.ulaanbaatar.mn сайтад байршуулах болно. Мөн эцэг, эхчүүдийн гар утсанд таны хүүхэд тухайн цэцэрлэгт “хамрагдсан”, “хамрагдаагүй” гэсэн мессеж ирнэ. Тухайн цэцэрлэгийн гадна цэцэрлэгт хамрагдсан хүүхдийг бүртгүүлсэн кодоор нь нийтэд ил танилцуулах юм байна.