Төв аймгийн цагдаагийн газар, Төв аймгийн Заамар суман дахь сум дундын цагдаагийн газар, Угтаал цайдам сумын ИТХ, прокурорын газраас хамтран гэмт хэрэгтэй тэмцэх,  урьдчилан сэргийлэх зорилгоор “Амар тайван амьдралын төлөө хамтдаа” сэдэвт хамтарсан зөвлөгөөнийг хийлээ.

Хуралдаанд Төв аймгийн  Баянхангай,  Заамар,  Өндөр ширээт,  Лүн, Эрдэнэсант, Цээл, Угтаалцайдам сум болон хил залгаа аймаг, сумдын  цагдаа, хэсгийн төлөөлөгч, Төв аймгийн прокурор,  сумдын ИТХ-ын төлөөлөгч, иргэд  оролцсон.  

Төв аймгийн Заамар сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Р.Ариунболд:

 Гэмт хэргээс урьдчилан гэмт хэрэгтэй тэмцэх, сэргийлэх зорилгоор зөвлөгөөнийг хамтарсан байдлаар  анх удаа хийж байна. Зөвлөгөөнийг хагас жилд нэг удаа хийхээр төлөвлөөд байна. Дараа дараагийн зөвлөгөөнийг бусад аймгийн нутаг дэвсгэр, хил залгаа аймгийн сумдад хийнэ. Зөвлөгөөнөөр  хэсгийн төлөөлөгчдийн ажлын уялдаа холбоог сайжруулах, аймаг, сум дамнасан малын хулгайгаас урьдчилан сэргийлэх зорилготой. Зөвлөгөөнөөс  Гэмт хэргийн илрүүлэлтийн  тухай сургалтыг хэсгийн төлөөлөгчдийн дунд сар бүр хийнэ.”

Төв аймагт 2016 онд нийт 427 гэмт хэрэг гарсан бөгөөд үүнээс 249 нь хулгайн гэмт хэрэг, 2017 оны эхний хагас жилд 422 гэмт хэрэг гарснаас  139 нь хулгайн хэрэг байна. Хулгайн дээр хэргүүдийн  дийлэнх нь малын хулгай байгаа юм. Төв аймгийн хэмжээнд өдөр бүр малын хулгай өдөр бүр бүртгэгддэг. Тэгвэл зарим сумд малчдын бүлэг байгуулснаар  малаа байнгын хариулгатай болж малын хулгайг таслан зогсоосон талаар туршлагыг энэ үеэр хэлж байлаа.  

Төв аймгийн Лүн сумын 2-р багийн “Бэрх” малчны бүлгийн ахлагч Г.Гомбосүрэн:

“2014 онд малчдын хүсэлтээр ИТХ-ын шийдвэрээр манай малчны бүлэг байгуулагдсан. Олноор нь устгадаг малын хулгай бүрэн зогссон гэж үзэж болно. Бидний үйл ажиллагааг төр засаг, цагдаагийн байгууллагын хамт олон дэмжиж  2015 оны Улсын тэргүүний бүлэг гэж өргөмжилсөн.

Малын тарга тэвээрэг авсан үед буюу 08-р сараас эхэлж хулгай гардаг. Бид энэ үеэр 24 цагийн харуул хамгаалалт гаргадаг.  Хоёр айлаас  нэг нэг хүн гаргаж 21:00-05:00 цаг хүртэл малаа манадаг. Үүний үр дүнд мал хулгайлах гэмт хэрэг гараагүй.  

Төв аймгийн Лүн суманд малчны гурван бүдэг байдаг ажээ. Малчдын бүлэг хэсгийн цагдаа, бусад малчдын бүлэгтэй хамтарч ажилладаг. Малчдад хэлэхэд бүлэг зохион байгуулалтад орж,  цагдаатай хамтарч, бүрэн нөөц бололцоогоороо ажиллбал малын хулгай буурна.”

Төв аймагт бүртгэгдсэн гэмт хэргийн дийлэнх нь согтуу этгээд орой үдшийн цагаар үйлдсэн байдаг.  Тиймээс  гэмт хэргийг бууруулах чиглэлд  аймаг, сумдын ИТХ анхаарал хандуулан ажиллаж байгаа юм.

Төв аймгийн Угтаалцайдам сумын ИТХ-ын дарга  Р.Батбаяр:

 

“Төв аймгийн Угтаалцайдам суманд гэмт хэргийн тоо буурч байгаа. Гэмт хэргийг бууруулахын тулд хэсгийн төлөөлөгч, цагдаа, ИТХ хамтран шөнийн эргүүл хийж байгаа. Цагдаагийн хэсгийг машинтай болгож, мэдээллийн мөрөөр шуурхай ажиллаж байна. Тухайлбал, модны хулгайн талаар  байгаль орчны байцаагч мэдээлэл өгсний дагуу шуурхай ажиллаж байгаа. Мөн малын хулгайг бууруулахад олон арга хэмжээг шат дараатай авч ажиллаж байна.”

 

Шинэ эрүүгийн хуулиар малын хулгайн хэргийг  зүйлчилж өгсөн тул  цагаа, прокурорын байгууллагын ачаалал нэмэгдэж байгаа.  Гэхдээ иргэдийг чирэгдүүлэхгүйн тулд  хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж байгааг    Төв аймгийн прокурорын газрын орлогч прокурор Ц.Сонинмөнх хэллээ. “Өмнөх Эрүүгийн хуулиар хохирол шаарддаг байсан. Хүндрүүлсэн нөхцөл буюу 148.2 руу орохоор олон тооны мал, наймаас дээш бог, 24 тооны бог байж олон тоо болдог. Харин шинэ эрүүгийн хуулинд малын тоо заагаагүй.  Өнчин ишиг хулгайлсан байсан ч малын хулгайг үйлдэл бүрт хэргийг шалгаж байгаа. Шинэ эрүүгийн хуулинд давтан гэсэн ойлголт байхгүй тул, харин хэргийг нарийвчлан заасан байгаа.   Хэргийг хялбаршуулсан маягаар хэргийг шийдвэрлэж байгаа.  Хэрвээ малын хулгайч хохирол барагдуулахаа илэрхийлсэн байх юм бол хэргийг шүүхэд шилжүүлж байгаа.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын талаар Төв  аймгийн цагдаагийн газрын дэд дарга, Дэд хурандаа О.Батбаатар:

“Төв аймаг нийт 27 сумтай. Улаанбаатар хотоос гарч, орж байгаа бүх авто зам манай нутгаар дайран өнгөрч байгаа. Төв аймгийн эрүүгийн хэргийн нөхцөл байдал  хүнд байдаг. Орон байрны болон малын хулгай өдөрт таваас доошгүй бүртгэгдэж байна. Гэмт хэргийг бууруулах чиглэлээр олон санал гарч байна. Тухайлбал, малыг байнгын хариулгатай байх зорилгоор сумдад малчдын бүлгийг байгуулах, хил залгаа сум, аймгуудтай байнгын хамтарсан пост байгуулах саналууд гарч байна.  

Аймгийн хэмжээнд улирлын чанартай гэмт хэргүүд гардаг. Ялангуяа 6-8-р саруудад автын осол, малын хулгай гардаг. Тиймээс Төв аймгийн цагдаагийн хэлтэс нийт газар нутгаа зургаан бүс болгож хуваагаад цагдаагийн даргын зөвлөлийн гишүүд нэг бүсийг ахалж байгаа. Нэг бүсэд 5-6 сум хамрагдаж байгаа. Улиралдаа нэг удаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх  чиглэлээр үйл ажиллагаа зохион байгуулж, тайлан авч байгаа. Тайланд үндэслэн дараагийн улиралд  хийх арга хэмжээнүүдийг тодорхойлж байгаа.”

Төв аймгийн гэмт хэргийн илрүүлэлт 58.9 хувьтай байна. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад гурван хувиар өссөн үзүүлэлт юм. Гэмт хэргийн тоо буурч, илрүүлэлт нэмэгдэж байгаа нь иргэн цагдаагийн байгууллага холбоотой  ажиллаж байгаагийн үр дүн гэдгийг иргэд, цагдаагийн байгууллага мэдэгдлээ.