Нийгэмд сайн сайхныг түгээгч DECO2 төслийн хоёрдугаар шат үргэлжилж байгаа билээ. Энэ удаад төслийн багийнхан нийслэлийн алсмагдал дүүргийн буюу Гачуурт дахь ерөнхий боловсролын 85-р дунд сургуулийг сонгон тохижуулж байгаа аж. 

Энэ удаагийн төслөөр тус сургуулийн багш нарын тэнхимийг тохижуулж байгаа бөгөөд энэ ажлын онцлог нь хоёрдагч түүхий эдийг ашиглан тохижилтын ажлаа хийж байгаа юм. Багш нарын хувьд бидний ирээдүй хойч үеийг хүмүүжүүлэн улс оронд томоохон хувь оруулагч эрхэм хүмүүс билээ. Тиймээс тэднийг бага ч болов энэ ажлаараа сэтгэлийн дэм өгч байгаа юм. Багш нарын ажлын байр орчин тухтай, гэрэл гэгээтэй бол тэдний сурган хүмүүжүүлэх ажил ч үүн шигээ гэрэл гэгээтэй байх болно гэж төслийн багийнхан үзсэний үндсэн дээр энэ удаагийн ажлаараа 85-р сургуулийн багш нарын тэнхимийг сонгон авчээ. 

 DECO төслийг анх дуучин Наран санаачилан өнгөрсөн жил эхний шатны ажлаа хэрэгжүүлэн нийгмийн сайн сайхны төлөөх  хоёр дахь төсөл буюу энэ жилийн DECO2 төслийг Монгол Германы хамтарсан "Отгонбаяр Сан"-тай хамтран ажиллаж байгаа юм. 

 DECO2 төсөл мөн сүүлийн үед нийгэмд ажиглагдаад буй бэлэнчлэх сэтгэлээ буюу хандив гуйх гэх мэт зүйлсийг халж өөрт байгаа зүйлсээ ашиглан дахин ашиглагдах бүтээгдэхүүнээр ямарваа нэг зүйлийг өөрсдийн сэтгэл зүрхээрээ хийж болдог юм шүү гэдгийг харуулах зорилгыг агуулжээ. 

Түүнчлэн сайн сайхныг түгээх чин хүсэлтэй хүмүүсийг хамруулж тэд өөрсдөө засварын ажилд гар бие оролцож байгаагаараа онцлог юм. 

Энэхүү төсөлд урлаг соёлын олны танил залуус ихээр оролцож, улс орныхоо төлөө ярих бус үйлдэлээрээ хувь нэмэр оруулах сэтгэл зүрхтэй гэдгээ харуулж байгаа аж. 

DECO2 төслийн ажлын гүйцэтгэл үргэлжилж байгаа бөгөөд хичээлийн шинэ жилийн өмнөхөн 85-р сургуулийн багш нар шинэхэн тэнхимээ хүлээн авах юм.