Энэ зун олон жилийн дунджаас хоёр хэмээр илүү халж, хуурайшилт 30 хувиар нэмэгдсэн гэж Ус, цаг уур, орчны шинжилгээний газар мэдээллээ.

Үүний улмаас тариалангийн бүсэд ган нүүрлэж, ой хээрийн түймэр өнгөрсөн онтой харьцуулахад 50 гаруй хувиар илүү дэгдсэн байна.

Жил бүр гал түймэр унтраах, тариалангийн бүсийг услах зорилгоор үүл буудах 1000 ширхэг сум импортоор авдаг. Харин энэ онд төсвийн тодотголоор 450 сая төгрөг батлуулж, 1000 ширхэгийг нэмж нийт 2000 ширхэг сум авсан талаар БОАЖЯ мэдээллээ. Үүл буудах сумыг БНХАУ-аас ширхэг тус бүрийг нь 300 мянган төгрөгөөр импортолдог аж. Түүнчлэн одоогоор 2016 онтой харьцуулахад үүл буудах 600 сум илүү харваад байна.

Харин өвөлжилтийн хувьд, 10 дугаар сард олон жилийн дунджаас хоёр дахин их хэмжээний цас орох төлөвтэй байгааг Ус, цаг уур, орчны шинжилгээний газар онцоллоо. Үүнээс гадна Онцгой байдлын ерөнхий газарт олон нийтээс бэлэн мөнгөөр 780 сая төгрөг, бэлэн бусаар гурван тэрбум гаруй төгрөгийн хандив цугласан байна. Бэлэн мөнгөний хандивын 30 орчим хувийг шатахуун болон бусад нэн шаардлагатай зүйлсэд зарцуулжээ. Мөн энэ оны хэт халалтаас үүдсэн төсвийн зардал 1.3 тэрбум төгрөгт хүрсэн байна.