Пүрэвдоржийн Орхон. 1993 оны 12 сарын 25 нд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд төрсөн. “Парис-2017” ДАШТ-ий чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн эхний өдөр Азийн АШТ-ий мөнгө, залуучуудын ДАШТ-ий хүрэл, цэргийн ДАШТ-ий мөнгөн медальт, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн хошой аварга, Бакугийн “Алтан Гранпри”-гийн мөнгө, Парисийн “Алтан Гранпри”-гийн хүрэл, Испанийн Гранпригийн алт, Польшийн нээлттэй тэмцээний хошой аварга, “Mongolia Open” ОУТ-ий гурван удаагийн аварга, Монгол Улсын хошой аварга, Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, “Аваргууд” академийн тамирчин ОУХМ Пүрэвдоржийн Орхон Монголын чөлөөт бөхийн тамирчдаас ДАШТ-ээс долоо дахь алтан медалийг авчирч, эх орон, элэг нэгтнүүдээ баярлуулсан сайхан үйл явдал болсон.
Тэрбээр 63 кг-ын жинд Парисын дэвжээнд эхлээд 2012 оны ДАШТ-ий тавдугаар байрын шагналт Энэтхэгийн Шилпи Шераныг оноогоор цэвэр яллаа. Тэрбээр “Москва-2010” ДАШТ-ий хүрэл медальт, 2012 оны Европын аварга Шведийн Хенна Йоханссоныг 6:2-оор, 1/4 шигшээд Африк тивийн долоон удаагийн аварга Нигерийн Блессинг Оборудудуг цэвэр, хагас шигшээд “Бээжин-2008”, “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл медальт, Пан Америкийн наадмын алт, хүрэл медальт, Пан Америкийн дөрвөн удаагийн аварга Колумбийн Жаклин Рентериа Кастильог оноогоор цэвэр (13:0), алтан медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий алт, хүрэл медальт, Европын хошой аварга Украины Юлья Ткачийг 6:3-аар ялснаар Монгол Улсын алтан соёмбот далбаагаа Парисын тэнгэрт мандуулав. 2017 онд өдгөө 24 настай П.Орхон чөлөөт бөхийн дэлхийн аварга болсон Монгол Улсын тав дахь тамирчин болсон юм.