Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн харьяа Билиг дээд сургууль, Хууль зүйн академи, БНСУ, Сөүлийн их сургуулийн Энхтайвансудлалын хүрээлэн, Их Британи улс, Брэдфордын их сургуулийн Гадаад харилцаа, Энхтайван судлалын тэнхимтэй хамтран “ШИЛЖИЛТИЙН ҮЕИЙН МОНГОЛ УЛС: АРДЧИЛАЛ, ЗАХ ЗЭЭЛ, ГЕОПОЛИТИК” сэдэвт олон улсын  эрдэм шинжилгээний бага хурлыг 2017 оны 08 дугаар сарын 23-нд өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хуульчдын танхимд зохион байгууллаа.

Тус бага хурлаар: Билиг дээд сургуулийн тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D) Ө.Уртнасан “Шилжилтийн үеийн нийгэм эдийн засгийн өөрчлөлт”, Сөүлийн их сургуулийн Энх тайван судлалын хүрээлэнгийн доктор, профессор Сун Чул Ким “Шилжилтийн үеийн социалист орнуудын харьцуулсан судалгаа”, Монгол Улсын их сургуулийн Олон Улсын харилцааны сургууль, доктор (Ph.D) С.Энхцэцэг “Шилжилтийн үе дэх Монгол Улсын эдийн засаг”, Монгол Улсын хүндэт дипломатч, Хууль зүйн академийн ерөнхий захирал Ж.Шишмишиг “1992 оны Монгол улсын Үндсэн хууль ба үндэсний аюулгүй байдлын асуудал”, Брэдфордын их сургуулийн Гадаад харилцаа, Энхтайван судлалын тэнхимийн доктор, профессор Кристоф Блют “Монгол Улс болон Зүүн хойд Ази дахь геополитикийн асуудал”, Элчин сайд, Хөх сүлд ТББ-ын захирал, доктор Ж.Энхсайхан “Монгол Улс: Цөмийн аюулгүй байдлаас эерэг бодлого руу шилжих нь” сэдэвт илтгэлийг тус тустанилцуулан, хэлэлцүүлэг өрнүүлж, оролцогчдын сонирхсон асуултанд хариулж санал солилцсон үр дүнтэй хурал боллоо гэж оролцогч талууд дүгнэв.

Энэхүү бага хурлын илтгэлүүдийг Сөүлийн их сургуулийн Энхтайван судлалын хүрээлэнгээс эмхэтгэн эрхлэн гаргана.