УЛААНБААТАР ХОТ, 2017 оны 8-р сарын 24-ний өдөр: 2017 оны 8-р сарын 25-наас 9-р сарын 3-ны өдрүүдэд тав дахь “Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ийг зохион байгуулж байна. Эдгээр өдрүүд нь бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа, илэрхийллийн цөөнх буюу бэлгийн цөөнх лесбиян, гей, бисексуал, трансжендэр, интерсекс (товчлолоор ЛГБТИ) хүмүүсийн хүний эрхийн асуудлыг урлаг соёлоор таниулах цогц үйл ажиллагаанууд юм. “Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ийн үйл ажиллагааны зорилго нь ялгаатай байдлыг хүндлэх соёлыг төлөвшүүлэх, хүнийг ямар ч үндэслэлээр үл ялгаварлах, хүн бүрийн эрхийг хүндлэхийг нийгэмдээ уриалах, бэлгийн цөөнхийн талаар үнэн, зөв, шинжлэх ухаанч мэдээллийг түгээх, ЛГБТИ хүмүүсийн хүний эрх зөрчигдсөөр байгааг зогсооход хууль тогтооч, бодлого боловсруулагчдын анхаарлыг хандуулах юм.

 

Нийгэмд бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа, илэрхийллийн талаар шинжлэх ухаанд үндэслээгүй, хэвшмэл, сөрөг ойлголт давамгайлсаар байгаа нь ЛГБТИ хүмүүсийг нийгмийн бүх салбарт шууд ба шууд бус байдлаар ялгаварлан гадуурхсаар байгаа байдалд хүргэдэг. Ялгаварлан гадуурхалтын сэдэлттэй гэмт халдлагаас хамгаалуулах, тодорхой онцлог хэрэгцээнд нийцсэн эрүүл мэндийн үйлчилгээ хүртэх, ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрсөн хүн бүрт ээлтэй боловсролын орчинг бүрдүүлэх, тэгснээр хүн бүрт тэгш боловсрол хүртэх боломж олгох, ижил хүйсийн гэрлэлт бүхий хүмүүсийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрөх, ижил хүйсийн хосуудын хүүхдүүдийн эрх зүйн байдал, ижил хүйсийн гэрлэлттэй холбоотой өмчийн зохицуулалт гэх мэт асуудлууд хурцаар тавигдаж байна. 

 

ЛГБТИ хүмүүсийн тэгш эрхийг ханган хамгаалах асуудал Монголд төдийгүй дэлхий дахин нухацтай яригдаж байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гүттэрш 2017 онд хоёр удаа ЛГБТИ хүмүүсийн эсрэг гарч буй хүний эрхийн зөрчлүүдийг зогсоох ёстой талаар ярихдаа “Энэ цагийн дэлхийн гол мэтгэлцээний нэг нь НҮБ-ын Дүрэмд маш тодорхой заасан үл ялгаварлах зарчмыг ЛГБТИ хүмүүсийн тухайд бүрэн хүлээж авах асуудал гэж би хардаг. НҮБ-ын Дүрэмд заагдсан бусад бүх ялгаварлан гадуурхалттай адил асуудал, эдгээр эрхийг эрх хэмээн үндэсний болоод олон улсын түвшин гээд бүх л түвшинд хүлээн зөвшөөрөгдөх ёстойг таниулахын тулд би хүч чадлаа бүрэн дайчлан ажиллана” гэсэн юм. Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл болон НҮБ-ын гэрээдийн хороодоос 30 гаруй зөвлөмжийг ЛГБТИ хүмүүсийн тэгш эрхийг хангах ёстой талаар зөвлөсөн ба эдгээрийг хэрэгжүүлэх зорилгоор шинэ Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль болон хараахан батлагдаагүй Хөдөлмөрийн хуулинд бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаагаар ялгаварлахгүй гэсэн заалтуудыг оруулж, хүн бүрийнхээ тэгш эрхийг ханган хамгаалах томоохон арга хэмжээг авч эхлээд байна.

 

2017 оны “Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ийн үйл ажиллагаанд Монгол дахь Гёте Институт, Альянс Франсээз, Австралийн Элчин сайдын яам, АНУ-ын Элчин сайдын яам, Хабакари синема рекордз, iCinema, Sound of Mongolia, d.d./h.z. гэх мэт байгууллагууд хандивлан дэмжиж байна.

 

Эдгээр өдрүүд болон ЛГБТИ эрхийн асуудлаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЛГБТ Төвтэй 7740 0323, 9962 1165 утсаар холбогдож авна уу.