АНУ-ын Лос-Анжелос хотноо энэ сарын 7-17-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Дэлхийн цагдаагийн спортын наадамд Монгол Улсын баг тамирчид спортын найман төрөлд өрсөлдөж 14 алт, 12 мөнгө, 7 хүрэл нийт 33 медаль хүртэж, Монгол цагдаагийн сүр хүч, бэлтгэл, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрийг дэлхийн түвшинд харуулсан. Тухайлбал  “Хүч” спорт хорооны дасгалжуулагч, цагдаагийн ахмад Н.Баярмаа хүчний төрлийн тэмцээн буюу “BENCH PRESS”ангилал ба “PUSH PULL” ангилалд , эмэгтэйчүүдийн 30-39 насанд 63кг-ийн жинд өрсөлдөж дэлхийн цагдаагийн тоглолтын рекорд амжилт тогтоож, алтан медаль хүртсэн талаар бид мэдээлсэн. Бид дэлхийн хэмжээнд Монгол улсын нэрийг гаргаж, түүхэн амжилтын эзэн болсон Н.Баярмаатай ярилцсан юм.

- Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярллаа. Юуны өмнө өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу? 

- Намайг Намхайдоржийн Баярмаа гэдэг. ЦЕГ-ын “Хүч” спорт хорооны дасгалжуулагч. Цагдаагийн ахмад цолтой.

- Дэлхийн цагдаагийн спортын наадамд та түүхэн амжилт гаргасан шүү дээ. Түүхэн амжилт гаргахын тулд биеийн болоод сэтгэл зүйн бэлтгэл их хийсэн байх?

- 2015 онд АНУ-ын Вашингтон хотод зохиогдсон Дэлхийн цагдаагийн тоглолтонд мөн энэ төрөлд  оролцож 245кг өргөж Алтан медаль хүртэж, 2001 онд Канадын тамирчны тогтоосон байсан Дэлхийн цагдаагийн тоглолтын рекорд амжилтыг 30 кг –аар шинэчилсэн. 2017 оны Дэлхийн цагдаагийн тоглолтонд  амжилтаа бататгахийг хичээж зорьсондоо хүрсэн.   

- Хэд дэхь удаагаа Дэлхийн цагдаагийн спортын наадамд оролцож байна вэ?

- 2 дах удаагаа оролцож байна.

- Энэ удаагийн тэмцээнд оролцоход өрсөлдөөн хэр ширүүн байв?

- Медалийн төлөө АНУ, ОХУ-ын тамирчидтай өрсөлдсөн.

-Медалийн тавцан дээр гараад зогсож байхад юу бодогдож байв?

-Сайхан байсан.

-Нэг тэмцээний ард гараад л шууд дараагийн тэмцээндээ бэлтгэж байгаа харагдсан. Дараагийн оролцох тэмцээн нь ямар тэмцээн бэ?

- 11 дүгээр сард нэг тэмцээн байгаа. 2019 оны Дэлхийн цагдаагийн тоглолтонд хүчний төрөлд оролцох алба хаагчдыг дасгалжуулж бэлтгэх зорилготой байна.

-  Өглөө эрт босоод байнга бэлтгэл хийдэг бололтой байсан.  Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

- Өглөө эртлэн босоод хөнгөн гимнастик, сунгалтууд хийдэг. Тэгээд өглөөний хоолоо  хийж, ажилдаа явдаг даа.Цагдаагийн албан хаагчдын хүчний бэлтгэлийг хийлгэж,  зөвөлгөө зааварчилгаа өгч, бэлтгэлийг төлөвлөгөө гарган системтэй хийлгэдэг. Мөн бие бялдрыг хөгжүүлэх, хүчний чанарыг хөгжүүлэх чиглэлээр цагдаагийн алба хаагчдад сургагч багш бэлтгэх сургалтуудыг зохион байгуулж ажилладаг.

-Хаана хаана бэлтгэл хийх үү?

- Орой ажлаа тараад "GOLDS GУM" болон "Хар ирвэс" клуб дээр бэлтгэлээ хийдэг.

- Бэлтгэл сургуулилттай болохоор хоол хүнсэндээ их анхаардаг байх

- Хоол хүнс их чухал. Аль  болох эрүүл зөв хоол хийж хүртэхийг хичээдэг.

-Нэг өдөр л бэлтгэл хийхгүй болохоор төмрөө үгүйлэх үү?

- Гайгүй ээ. Ачаалал амралтаа тааруулаад тогтмол системтэй хийдэг.

- Цагдаа хүн энэ их ажлын хажуугаар бэлтгэл хийнэ гэдэг бэрх. Мөн эмэгтэй хүн хүндийг өргөнө гэхээр бэрх санагдаж байна л даа. Яагаад заавал хүндийг өргөлт гэж?

- Хүндийг өргөлт, Хүчний төрлийн спортоор хичээллээд 20-иод жил болсон байна. Энэ хугацаанд  алдаж оносон, сурч мэдсэн зүйлээ бусдад зааж сургаж явна. Хүн  өөрийн сонирхолтой болон хийж чаддаг зүйлээ хийдэг гэж бодож байнаа.

- Эмэгтэй хүнд хүндийг өргөлт арай чанга биш үү?

- Байнгын тогтмол бэлтгэл хийхээр тийм ч хэцүү биш.

- Монголд хүндийн өргөлтийн эмэгтэй тамирчид олон байдаг уу?

- Нэг үеэ бодвол олон болохын дээр амжилтууд гаргаад сайхан байгаа.

-  Хоорондоо амь нэгтэй байх уу? Загварынхан шиг өрсөлдөөнтэй байх уу?

-Амь нэгтэй сайхан хүмүүс байдаг.

- Уучлаарай би энэ талын мэдлэггүй байна л даа. Хүндийн өргөлтөөр хичээллэхээр  эмэгтэй хүний бие эвдрэх үү?

- Учиргүй эвдрэхгүй.

- Гар мэдээж бяртай болдог байх. Хүмүүст гар чанга атгалаа гээд л загнуулах уу?

- Тийм зүйл байхгүй ээ.

- Сонирхол хоббигоо хөгжүүлсэн болохоор гэрээр нь дүүрэн  төмөр байх уу?

-  Үгүй ээ.

- Хүндийн өргөлтөөс гадна боди фитнесийн төрлөөр чамгүй амжилт үзүүлсэн талаараа ярихгүй юу?

-  Энэ жил улсын аваргаар түрүүлсэн. Хар ирвэс  клубийг төлөөлж оролцсон.

-Хүндийг өргөлт, фитнессийг хослуулсны давуу тал?

- Эрүүл ахуйн үүднээс олон давуу талтай.

- Дайчин тамирчны ард мундаг дасгалжуулагчийн үүрэг оролцоо их байх.  Дасгалжуулагчаа танилцуулахгүй юу?

- С.Хөхөө, Ш.Амарсайхан нар намайг дасгалжуулдаг.

- Таныг багшилдаг гэж сонссон?

- Тиймээ

- Өөрийн фитнессээ хэзээ нээх гэж байна даа?

- Бодол байгаа.

-Цаг гарган ярилцсан танд маш их баярллаа.  Амжилтаа ахиулж,  Монгол улсынхаа нэрийг гаргаарай.

Н.Баярмаагийн хувьд 2004, 2008 оны олимпийн наадамд оролцож байсан. Улсын 18 удаагийн аварга, Зүүн Азийн наадмын мөнгө, хүрэл, Монгол улсын рекорд амжилтыг 119 удаа шинэчилэн тогтоосон түүхэн амжилтуудын эзэн юм. Монгол улсын нэрийг өндөрт өргөж явж байгаа ч гаргасан амжилтаараа аархаад байдаггүй асар даруухан бүсгүй.