2017 оны эхний 8 сард улсын хэмжээнд объектын гал түймэр нийт 2696 удаа гарч, 9,5 тэрбум төгрөгийн хохирол учирч, 31 хүн нас барж, 25 хүн түлэгдэж гэмтэн 822 толгой мал хорогдож, 1146 гэр орон сууц шатсан байна. Дээрх гал түймрийн аюулаас аврагч-гал сөнөөгчид 574 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 14,8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 2,6  хувиар, учирсан хохирлын хэмжээ 36,5 хувиар тус тус өссөн байна.

Нийслэл хотод нийт 1788 удаагийн гал түймэр гарч, 4,7 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 908 удаагийн гал түймэр гарч, 4,8 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

Урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын талаар

 Энэ хугацаанд 16098 байгууллага, аж ахуйн нэгж, 76414 айл өрхөд гал түймрийн хяналт шалгалт хийж, гал түймрийн хэрэг зөрчилд хүргэж болзошгүй 75722 зөрчил дутагдал илрүүлэн, 23776 зөрчлийг үзлэг шалгалтын явцад арилгуулан бусад зөрчлийг арилгуулахаар 4113 заавал биелүүлэх албан шаардлага, 4630 мэдэгдэл, 292 танилцуулга, 859 дүгнэлт бичиж, гал түймэр гарч болзошгүй 102 объектын үйл ажиллагааг хэсэгчлэн буюу түр хугацаагаар зогсоож, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтан, иргэдийг 99,7 сая төгрөгөөр торгож, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт 1983 удаа, дадлага 1230 удаа зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр 1446 удаа сэрэмжлүүлэг явуулсан байна.

Улаанбаатар хотод болон орон нутгийн хэмжээнд шинээр баригдах барилга байгууламжийн 386 зураг төсөлд хяналт хийж баталгаажуулан, барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээж авах улсын комиссын бүрэлдэхүүнд 465 удаа орж ажиллав.

Объектын түймрийн шалтгааныг авч үзвэл:

  • Ил задгай гал, асгасан үнс нурмаас 1066 гал буюу 40,4 хувь,
  • Цахилгаангаанаас 409 гал буюу 15,5 хувь,
  • Пийшин, зуух, яндангийн цонолтоос 361 гал буюу 13,7 хувь,
  • Лаа, дэн, тамхи, шүдэнзний галаас 245 гал буюу 9,3 хувь,
  • Бусад шалтгаанаас 148 гал буюу 5,6 хувь,
  • Шалтгаан тогтоогдоогүй 146 гал буюу 5,5 хувь,
  • Машин техникийн гэмтэл ашиглалт буруугаас 121 гал буюу 4,6 хувь,
  • Санаатай үйлдлээр 51 гал буюу 1,9 хувь,
  • Хүүхдийн болгоомжгүй үйл ажиллагаанаас 44 гал буюу 1,7 хувь
  • Технологийн горим зөрчснөөс 15 гал буюу 0,6 хувь,
  • Гагнуур, паялник, бамбараас 13 гал буюу 0,5 хувь
  • Архидан согтуурснаас 5 гал буюу 0,2 хувь,
  • Машин, техникийн яндангийн цонолт, оч болон цахилгааны очноос 5 гал буюу 0,2 хувь
  • Байгалийн үзэгдлээс 4 гал буюу 0,15 хувь
  • Тэсрэлт дэлбэрэлт ослоос 2 гал буюу 0,08 хувь