Дорноговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчид саяхан болж өнгөрсөн 4-р хуралдаанаараа аймгийнхаа Засаг дарга П.Ганхуягийг 70 хувийн саналаар огцруулсан.

Гэтэл ерөнхий сайд уг шийдвэрийг хүлээж авсангүй. Дорноговийн ард түмний саналыг ерөнхий сайд маань хэр нягталсан юм бол. Ардчилсан нам засаг барьж буй тус аймагт яагаад АН-ын Засаг даргыг огцруулах шийдвэр ийм өндөр хувьтай гарав гэдэг нь өөрөө асуудал мөн. Пантийн Ганхуяг хэмээх энэ эрхэмтэй холбоотой олон асуудал Дорноговийн ард түмний дургүйцлийг төрүүлж, аймгийн хөгжлөөс хойш татсаар байна. Асуудал асуудлын дундаас П.Ганхуягтай холбоотой хамгийн том асуудал бол “Газрын наймаа”.

П.Ганхуяг засаг даргаар ажиллах 5 жилийн хугацаандаа Дорноговь аймагт газрын наймааг гааруулсан гэвэл хилсдүүлэг болохгүй гэдгийг дараах баримтууд баталж байна.

Баримт1. 2012 оны 09-р сарын 19-нд “Фамин энд Гоби индастри“ компани байгуулагджээ. Тус компанийн 51%-ийг Хятад улсын иргэн Фамин Зао гэгч, 49 хувийг нь П.Ганхуягийн жолооч Б.Мөнхбат эзэмшдэг аж. Компани байгуулагдсан өдрөө Б.Мөнхбатыг захирлаар томилж, Замын-Үүд хотод 300 га газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар захирамж гарган олгосон байна. Уг газар нь олон нийтэд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, дуудлага худалдаа болон төсөл сонгон шалгаруулалтаар хэсэгчилж олгох ёстой байсан газар аж. Гэвч П.Ганхуягийн жолооч “тэнгэрийн зарлигаар” нэг л өдөр бүхэлд нь авчихжээ. 2012 онд уг газрын хажууд 8 га газрыг дуудлага худалдаанд оруулахад 170 сая төгрөг хүрсэн байх юм. Тэгвэл 300 га газрын бодит үнэлгээ нь 6 тэрбум төгрөгт хүрэх ажээ.

Баримт2. 2011 оны 6-р сарын 13-ны өдөр байгуулагдсан “Блак стоун Ложистик” компанид Ханги Мандлын боомт дээр 20 га газар олгожээ. Тус компани нь П.Ганхуягийн хүү Г.Гантулгын эзэмшдэг компани. Дорноговийн иргэдэд хөөцөлдөөд олддоггүй хашааны газрыг 300 дахин томсгосон газрыг засаг даргын хүү бол хүссэн цэгтээ хатгаад авчихдаг ажээ.

Баримт3. П.Ганхуягийн ангийн найз, аймгийн ГХБХБГ-ын дарга Ц.Мөнхцэцэгийн дүү Ц.Мөнхжаргалын нэр дээр 10 га газрыг ачиж буулгах талбайн зориулалтаар олгожээ. Энэ асуудлыг АТГ, цагдаагийн байгууллага шалгаж, прокуророос ял сонсгон шүүхэд шилжүүлсэн боловч шүүхийн шатанд нь цагаатгасан байна. Замын-Үүдэд ийм зориулалттай 4 га газар 500 сая төгрөгт хүрсэн тохиолдол байгаа ажээ. Тэгвэл ирээдүйд хамгийн том ачаа эргэлт бий болох Ханги Мандлын боомтын 10 га газар хэдэн төгрөгөөр үнэлэгдэх вэ?

Баримт4.Сайншандын Аж үйлдвэрийн паркийн дагалдах Химийн технологийн үйлдвэрийн 80 га газрыг П.Ганхуяг “Мегатек” компанид төсөл сонгон шалгаруулалтаар олгожээ. “Мегатек” ХХК-ийн 20%-ийг П.Ганхуягийн охин Г.Баярцэцэг, 80%-ийг Япон улсын иргэн Изүми Такахиро эзэмшдэг. Уг газрын төсөл сонгон шалгаруулалтын материалыг Япон улсын “Мегатек” компани авсан бөгөөд эзэмших захирамж нь “Нэксимамед” ХХК дээр 30 жилийн хугацаанд эзэмшүүлэхээр гаргасан байдаг аж. Монгол улсын хуулиар гадаадын хөрөнгө оруулалттай компани зөвхөн газар ашиглах эрхтэй байдаг. Тэгвэл “Мегатек” компани нь 20 хувийг нь эзэмшдэг Г.Баярцэцэгийг 2012 оны 1-р сарын 30-нд захирлаараа томилж “Мегатехнологи Ворлд Монгол” ХХК болж өөрчлөгдсөн байдаг ажээ.

П.Ганхуягийн газрын наймаа үүгээр хязгаарлагдахгүй юм. Зөвхөн өөрийн хүү, охин, жолооч, найзынх нь нэр дээр бүртгэгдсэнийг дурьдахад ийм байна. Мэдээж газрыг олгосон процесс, бичиг цаас нь яах аргагүй “ориг”. Гэвч зөвхөн дээрх 4 баримтанд дурьдсан 400 га орчим газрыг Дорноговь аймгийн 100 компани, эсвэл 1000 иргэн хуваагаад авч болсонгүй вэ гэдэг асуулт урган гарч байна. Газрын наймаа ингэж л явдаг. Хуулийн өнгөлөн далдлалт доор жирийн иргэнд хэрчим чинээ олддоггүй газар албан тушаалтнууд болон тэдний ах дүү, хамаатан садан, эргэн тойрны итгэлт хүмүүст хэдэн 100 га-гаараа олддог билээ. Энэ л жишгээр П.Ганхуяг Дорноговь аймгийн аль өнгөтэй өөдтэй газрыг “эзэмшиж”, эсвэл наймаалцаж амжжээ.

            Чухамдаа энэ мэт бодит мэдээллийг нуун дарагдуулсан нь Ерөнхий сайд маань асуудалд “хөнгөн” хандах шалтгаан болсон байж мэднэ. Уг нь П.Ганхуягийн газрын наймааны эл асуудлыг сонссон сайд хамгаалах нь битгий хэл АТГ руу шууд шилжүүлэх биз. П.Ганхуяг мэтийн шунал нь дэндсэн увайгүй дарга нарын гай Шинэчлэлийн засгийн газраас хамгийн том оноо хассаар л байна.

            Н.Энгүүн      

Эх сурвалж: Сэрүүлэг сонин