Өнөөдөр "Есөн сарын нэгэн ерөөсөө бидний баяр" гэдэг үг хэн бүхний санаанд бууж байгаа байх. Энэ үг өдөр болгон санаанд орж ирээд байдаггүй гэдгийг та бүхэн анзаарсан биз ээ.

Яагаад ч юм "Есдүгээр сарын нэгэн" хүн бүрийн сэтгэлд хоногшсон дурсамжтай мөчийг мөнхлөн үлдээсэн болохоор тэр. Зуны амралт шувтарч, ээж аав хичээлийн бэлтгэлээ хийе хэмээхэд сэтгэл хөөрөн баясдаг. Хичээл орох урьд орой нь сэтгэл догдлоод маргааш шинэ хувцасаа өмсөөд сургуульд явна гэхээр л хөл газар хүрэхгүй хөөрцөглөн гүйдэг. 

Энэхүү баясал одоо ч бяцхан дүү нарт минь байгаа.  Хичээлийн шинэ жилийн мөнгөн хонх нь цангинаж, шинэхэн сурагч болж байгаа хүүхдүүд ангийн багштайгаа яг энэ цаг мөчид танилцаж суугаа. 

2017-2018 оны хичээлийн төрийн өмчийн 136, төрийн бус өмчийн 105, нийт 241 сургууль үйл ажиллагаа явуулж 1-р ангид 31 мянга 110 орчим суралцагч, бага ангид 139 мянга 226, дунд ангид 72 мянга 940, ахлах ангид 37 мянга 427, нийт 249 мянга 593 суралцагч хамрагдах урьдчилсан дүр гарсан.

Энэ хичээлийн жилд 28 сургуулийн 10 мянга орчим сурагч 3 ээлжээр хичээллэх аж.Тодруулбал, найман сургууль гурван ээлжээс гарч, таван сургууль гурван ээлжид шилжсэн байна.

 

-Цэцэрлэгт хөл тавьж буй бяцхан үрсийн  хичээлийн анхны өдөр-

Бяцхан 2-настангууд өнөөдөр мөн л анхны удаагаа цэцэрлэгийн босгыг алхан орлоо. 2017-2018 оны хичээлийн жилд нийт 672 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, хамран сургалт 77.6 хувьд хүрч, өнгөрсөн хичээлийн жилээс 5.6 хувиар өснө.   

 

Ингээд цэцэрлэгийн, сургуулийн, их, дээд сургуулийн босгыг алхан орж буй дүү нартаа хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргээд, амжилт хүсье.