Малын гоц халдварт шүлхий өвчин гарч Хан-Уул дүүргийн X хорооны нутаг дэвсгэр болох Морингийн даваанд хөл хорио тогтоогоод байгаа. Энэ асуудлаар Нийслэлийн онцгой комиссын Мал амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх ажлын хэсэг өчигдөр хуралдлаа. Уг хурлаас гаргасан шийдвэрүүдээрээ Хан-Уул дүүргийн удирдлагуудад зөвлөмж хүргүүлсэн байна.

Энэ талаар ажлын хэсгийн ахлагч, Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан “Хан-Уул дүүргийн хөл хорио тогтоосон бүсэд 860 гаруй өрхийн 2900 орчим иргэн бий. Мөн 18 өрхийн 2100 орчим мал байгаа. Хуулийн дагуу хорио цээрийн дэглэм үргэлжилнэ. Харин орц гарцыг ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн ганц бүсээр нэвтрүүлэхээр боллоо. Хөл хорио дэглэм тогтоосон энэ үед мал амьтны хөл хөдөлгөөнийг хооронд нь холилдуулахгүй, дэглэм тогтоосон бүс нутгаас хүн, мал гаргахгүй байх зөвлөмжийг гаргаж тус  дүүргийн Онцгой комисст өглөө. Мөн үүнтэй холбогдуулж Нисэхийн чиглэлээс Био комбинат, Шувуун фабрик чиглэлийн замыг бүрэн хаасан. Тийм учраас энэ чиглэлийн нийтийн тээврийн болон бусад хөдөлгөөнийг Жаргалант тосгоноор дамжуулж урдуур нь явуулахаар болсон. Өнөө маргаашгүй хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Тэгэхээр энэ бүс нутгийн сургууль, цэцэрлэгт ариутгал халдваргүйжүүлэлт хийж уг нутагт байгаа хүүхдүүдийг хичээлд нь явуулна. Бусад бүс нутгаас ирж суралцах ёстой  хүүхдүүдийг хөл хорио дуустал тухайн дүүргийн сургууль, цэцэрлэгүүдэд хуваан суралцуулах үүргийг дүүргийн Боловсролын хэлтэст үүрэг болгосон. Одоогийн байдлаар 12 үхэр хязгаарлалтад орсон. Бусад малд  тандалт судалгаа хийж байгаа. Тухайн хэсэг иргэдийн суурьшлын бүсэд байгаа учраас хязгаарлалт тогтоосон тус газрыг нүүлгэн шилжүүлэх ажлыг ярилцахаар болсон” гэлээ. 
Шүлхий өвчний голомтын бүсээс ямар нэгэн хяналт шалгалтгүйгээр нийслэлд мал оруулж ирсэн Ц-д хуулийн хариуцлага тооцно гэдгээ тэрбээр нэмж хэлсэн юм. Одоогийн байдлаар ариутгал халдваргүйжүүлэлтийн ажилд 10 гаруй сая төгрөг зарцуулахаар шийдвэрлээд байгаа юм байна. Цаашлаад 28 хоногийн хугацаанд ямар шийдвэрүүд гарахаас шалтгаалан зарцуулах мөнгөнд өөрчлөлт орох гэнэ.