Малайз улсад манай улсын иргэн  Б.Энхтуяа харамсалтайгаар амиа алдсан талаарх мэдээлэл өнгөрсөн долоо хоногт гарсан. Талийгаач эмэгтэй амиа алдахаасаа сар гаруйн өмнө ар гэрийнхэн рүүгээ аврал ирэн туслаач хэмээн утасдаж байсан юм.

Уг хэргийг Малайзын талаас амиа хорлолт хэмээн тайлбарласан бол талийгаачийн ар гэрийнхэн хүний наймааны золиос болж амиа алдсан талаар мэдээлж байв. Түүнд тохиолдсон хэргийн халуун мөрөөр “Өдрийн сонин”ы сурвалжлах баг Малайзын нийслэл Куала Лампур хотоос цуврал нийтлэл бэлтгэн хүргэжээ. Тус нийтлэлд бидний мэдэхгүй олон асуудлыг хөндсөн байсан бөгөөд талийгаач охиныг хэрхэн хэнтэй хаана амьдарч байсныг нийтлэлдээ дурджээ. Тухайлбал Б.Энхтуяаг Стеллаа хэмээн дууддаг байсан байна.  Түүнчлэн  бүсгүйг нас барсан болохыг утсаар бус өөрийн биеэр нэгэн эрэгтэй ирж цагдаагийнханд мэдээлсэн байна. Хэргийн газар үзлэг хийсэн цагдаа нар анх мэдээлэл өгсөн хүнийг хайсан байна. Аз болж мэдээлэл өгсөн хүн гар утасныхаа дугаарыг цагдаа нарт үлдээгээд явсан аж. Мэдээлэл өгсөн залууг Than  Tian Sen гэдэг бөгөөд талийгаачийн найз залуу хэмээн өөрийгөө танилцуулсан байна. Тэд хамтран амьдардаг байжээ. Анх шөнийн цэнгээний газар ажиллаж байхдаа талийгаачтай танилцсанаа хэлсэн байна. Тэрээр хятад улсын иргэн аж.  

 

Than  Tian Sen цагдаа нарт өгсөн мэдүүлэгтээ ”сүүлийн үед Стеллаагийн зан ааш хувирсан, Хэрэг гарах өдөр бид хоёр маргалдсан. Тэгээд дараа нь тэр гараа хайчаар сийчсэн. Тиймээс би хэрүүлээс хол байхын тулд гараад явсан юм.  Харин дараа нь тэр өөрийгөө боомилсон байсан. Тэгээд би цагдаа нарт өөрөө очиж мэдээлэл өгсөн” гэжээ.

 

Талийгаачийн найз залуу болох Than  Tian Sen нь гэмт бүлэглэлүүдтэй холбоотой гэх мэдээлэл гарчээ. Үүнтэй холбоотойгоор Б.Энхтуяаг хүний наймааны золиос болсон байж болзошгүй хэмээн ар гэрийнхэн нь хардаж байгаа юм.

 

Мөн Малайзын цагдаагийнхан талийгаачийн цус, үс, хумснаас дээж аван шинжилгээнд өгсөн байна. Энэхүү шинжилгээний хариу гурван сарын дараа гарах аж.  Тиймээс шинжилгээний хариу гарсны дараа хэргийг хэрхэн шийдэхээ цагдаагийнхан шийднэ.  Хэрэв Б.Энхтуяа өөрийгөө боомилсон гэж үзвэл энэ хэргийг хаана. Харин гадны нөлөөтэй гэж үзвэл мөрдөлт хийж эхэлнэ.  Одоогоор тус хэрэгт холбогдуулан хэн нэгнийг сэжиглэн шалгаж эхлээгүй байгаа талаар  “Өдрийн сонин”д нийтлэгдсэн байна.

 

Б.Оргил