Бага насны хүүхдээ хэнд, хаана харуулах нь олон аав, ээжийн толгойн өвчин болдог. Хэн нэгэн нь ажлаасаа гарах, хүүхэд асрагч хөлслөх, эсвэл өдөр өнжүүлэх төвд явуулах л сонголт бий. Сүүлийн жилүүдэд ажлаасаа гарч өрхийн орлогоо бууруулахгүйн тулд өдөр өнжүүлэх төвийг сонгож буй эцэг, эх олон болжээ.

Өдөр өнжүүлэх төв нэг талаар хүүхдийг нь сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөх, авах, даалгаврыг нь хийлгэх, хөгжүүлэх зэрэг олон ажлыг эцэг, эхчүүдийн нуруун дээрээс хөнгөвчилж буй цаг үеэ олсон ажил. Нөгөө талаар хяналт тавих, хариуцлага үүрэх эрхзүйн үндэс байхгүй хуульгүй бизнес. Өөрөөр хэлбэл, өдөр өнжүүлэх төвийн орчин нь эрүүл, аюулгүй байдлыг хангасан, хүүхдэд шим тэжээлтэй хоол хүнс өгдөг эсэх нь эргэлзээтэй юм. Тиймээс өдөр өнжүүлэх төв хүүхэд харахаас гадна хүмүүжүүлэх, сургах, хөгжүүлэх тал дээр хэрхэн анхаардаг талаар сурвалжилсан юм. 

Гадаад хэл, математик, IQ, шатар, даамны сургалттай өдөр өнжүүлэх төв гэсэн хаяг энд тэндгүй харагдана. Монгол гуравдугаар сургуулийн орчимд ойролцоох орон сууцны хананд өдөр өнжүүлэх төвүүдийн хаяг бүхий самбар цөөнгүй. Хаягийн дагуу “Ухаан далай” өдөр өнжүүлэх төвд очиход хоёр залуухан багш угтаж танхимуудаа танилцууллаа. Гурван өрөө байрыг хичээл хийх, хоолоо идэх, амрах танхим болгон тохижуулжээ. Өрөөнүүдээс бага зэрэг чийг үнэртсэн ч доторх нь эмх замбараатай юм. Нэг өрөөнд 7-10 насны зургаан хүүхэд үдийн хоолоо идэж байв. Эднийх гадаад хэл, шатар даамны гүнзгийрүүлсэн сургалттай өдөр өнжүүлэх төв. Хүүхдүүдэд хэдэн багш хичээл заадаг, ямар хоол өгдөг, эрүүл ахуйн шалгалт хийсэн үү зэрэг асуултад өдөр өнжүүлэхийн багш Э.Ж “Манайх 5-10 насны хоёр ээлжийн 20 хүүхэд авдаг. Хоёр багштай. 08.00-аас 19.00 цаг хүртэл ажилладаг. Зөвшөөрөл авсан, эрүүл ахуйн шалгалт хийлгэсэн. Бүх зүйл асуудалгүй” гэж байлаа. Үүний хариуд хаанаас зөвшөөрөл авч, шалгалт хийсэн бэ гэхэд “Би сайн мэдэхгүй байна. Манай төв олон салбартай. Тийм болохоор хаанаас зөвшөөрөл авсныг нь мэдэхгүй байна” гэв. Танхимуудын зургийг дарах гэсэн боловч хоёр багш зөвшөөрсөнгүй. Энэхүү төвөөс гарч хажуугийн байрны “Буратиногийн найзууд” өдөр өнжүүлэх төвөөр оров. Орон сууцны нэг давхарт хоёр өрөө байрыг өдөр өнжүүлэх төв болгожээ. Нэг өрөөнд 4-6 насны найман хүүхэд унтах гэж байлаа. Харин нөгөө өрөөнд нь 7-10 насны арав орчим хүүхэд хичээлээ хийж байгаа гэв. Тэр өрөөгөөр ороход хүүхдүүд шуугилдаж, тоглон ноцолдож байлаа. Хүүхдүүдийн хувцас, цүнх, ор хөнжлийн даавуу нь газраар хөглөрөн харагдана. Санаа нь зовсон байдалтай багш Д.Э танхимуудаа одоохондоо тохижуулж амжаагүй байгаа хэмээн тайлбарлав. Тэрбээр “Манай өдөр өнжүүлэх төв ажиллаад арав орчим жил болж байна. Одоо зуны ээлжийн хүүхдүүд явж байгаа.  Хүүхдүүдэд өдөрт хоёр удаа хоол өгдөг. Сарын төлбөр 220 мянган төгрөг. 08.00-19.00 цаг хүртэл ажилладаг” гэв. Энэ төвөөс гарч III сургууль орох замдаа тус сургуулийн бага ангийн багш н.Долгортой таарч өдөр өнжүүлэхийн талаар асуухад “Би өөрөө өдөр өнжүүлэх төв ажиллуулдаг. Өөрийнхөө ангийн хүүхдүүдээс авдаг. Эцэг, эхчүүдтэй тохироод сарын 200 мянган төгрөгөөр хүүхдийг нь хардаг. Ингэхдээ хичээлийг нь давтуулж, сургалтдаа голчлон анхаардаг” гэв. Тус сургуульд өөрөөс нь гадна хоёр, гурван багш өдөр өнжүүлэх төв хичээллүүлдэг гэнэ. 
Мөн Н.Н бүсгүй энэ жил өдөр өнжүүлэх төв байгуулж, сургуулийн хүүхдүүд харахаар болжээ. Түүнээс ажлынх нь талаар тодруулсан юм. 
-Өдөр өнжүүлэх төв байгуулахад юу шаардагдаж байна вэ? 
-Манай хүүхэд нэгдүгээр ангид орох гэж байгаа юм. Тэгээд ажлаасаа хэдэн сарын чөлөө авч хүүхдээсээ гадна ангийнх нь хэдэн хүүхдийг харах талаар ярилцаж байна. 
-Өдөр өнжүүлэх төв байгуулах зөвшөөрөл авсан уу?
-Зөвшөөрөл өгөх байгууллага байхгүй. Бид ч авах шаардлагагүй юм билээ. Харин аав, ээжтэй нь гэрээ байгуулна. Хүүхдийг  сургуульд хүргэж өгнө. Хичээлийг нь тарахад очиж авна. Хоол хийж өгнө. Даалгаврыг нь хийлгэх зэргээр л ажиллана даа. 
-Хүүхэд сургах, амраах, хооллох орчин мэдээж эрүүл, аюулгүй байх ёстой. Ийм шаардлага хангаж байгаа юу. Ер нь тодорхой стандарт гэж байна уу?
-Зөвшөөрөл олгох байгууллага байхгүй юм чинь стандарт гэж байхгүй байх. Гэхдээ хүүхдүүдийг гэртээ байгаа юм шиг л байлгана гэж бодож байгаа. Хоолны хувьд аль болох шим тэжээлтэй хүнс хэрэглэнэ. Би том хүүхдээ өдөр өнжүүлэх төвд явуулдаг байсан юм. Их боломжийн санагдсан. Тэгээд л өөрөө хүүхдээ сургуульдаа дастал нь хэдхэн сар өдөр өнжүүлэх төв ажиллуулах гэж байгаа юм гэв. 
Үүнээс гадна өнгөрсөн хичээлийн жилд хүүхдээ өдөр өнжүүлэх төвд явуулсан Г.Жавзандулам хүүхдээ харах хүнгүй болохоор аргагүйн эрхэнд хүүхдээ явуулсан ч асуудалтай байсан  тухай ярив. Тэрбээр “Манай хүүхэд XIV сургуульд сурдаг. Энэ жил гуравдугаар ангид орно. Өнгөрсөн жил өдөр өнжүүлэх төвд явуулсан. Уг нь бидэн шиг зав чөлөөгүй ажилладаг хүмүүст их зүгээр юм билээ. Даанч хүүхдийн хоол тааруулах, сургах тал дээр асуудалтай санагдсан. Манай хүүхэд хоол нь таарахгүй гурван ч удаа гүйлгэж айлгасан. Цуг байсан хүүхдүүд нь ч бас гэдэс нь өвдсөн гэсэн. Үүний дараа л өдөр идэж байгаа хоолноос нь болж байгаа юм болов уу гэж бодсон. Бидэнд чанартай хоолнуудын цэс үзүүлдэг байсан. Хүүхдээсээ асуухаар өөр хоол өгсөн байдаг. Танилуудаасаа сонсоход асуудалтай олон газар байдаг юм билээ. Нэг танилын маань хүүхэд залгуурны утсанд тогонд цохиулаад, азаар гайгүй өнгөрсөн гэсэн. 
Гэхдээ бүх газар ийм биш байх” гэсэн юм. 
Эдгээрээс харахад хэн дуртай нь, хаана ч хамаагүй өдөр өнжүүлэх төв байгуулж байна гэхэд болно. Эрэлт нь их байхад ийм төв байгууллаа гэж тэднийг буруутгах аргагүй. Гэхдээ олон мянган хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, сурах эрх хөндөгдөж байна. Монголын өдөр өнжүүлэх-хүүхэд хөгжүүлэх төвүүдийн нэгдсэн холбооны 2015 оны судалгаанд дурдсанаар, нийслэлийн хэмжээнд 256 өдөр өнжүүлэх төв бүртгэгдсэн байна. Харин албан бус тоогоор 1500 гаруй өдөр өнжүүлэх байдаг аж. Нэг өдөр өнжүүлэх төвд багаар бодоход арван хүүхэд сурлаа гэхэд 15000 хүүхэд ямар ч хяналт шалгалт байхгүй ямар нь тодорхойгүй орчинд хичээллэж, хооллож, тоглож байна. Өдөр өнжүүлэх төвтэй адил шахуу Хүүхэд харах үйлчилгээг төрөөс бодлогоор дэмжиж, бүхий л зүйл дээр нь стандарт тогтоож өгсөн байдаг. Энэ бол сайн жишээ. Хүүхэд харах үйлчилгээнд жилд 5000 хүүхэд л хамрагддаг гэсэн тоо бий. Харин үүнээс гурав дахин их хүүхэд өдөр өнжүүлэх төвд хамрагдаж байна. Түүнчлэн өдөр өнжүүлэх төвийнхөн нэгдэж Монголын өдөр өнжүүлэх хүүхэд хөгжүүлэх төвүүдийн нэгдсэн холбоог байгуулаад амжжээ. Энэхүү холбоо өдөр өнжүүлэх төвүүдийн эрх ашгийн төлөө ажилладаг гэнэ. Харин хүүхдүүдийн эрх ашгийн төлөө ээж, ааваас нь өөр ажиллах хүн, байгууллага ч алга. Уг нь энэ асуудалд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Г.Чулуунбаатар шүүмжлэлтэй ханддагаа хэлж, стандарттай болгох талаар ярьж байсан. Гэсэн ч шинэ хичээлийн шинэ жил эхэлж өдөр өнжүүлэх төвийн эрэлт хэрэгцээний ид үе ирлээ. Олон мянган хүүхдийн эрх ашгийг хамгаалахын төлөө төр засаг, салбар яамныхан тодорхой стандарт, дүрэм журам гаргах цаг нь болжээ.

 

Үндэсний шуудан сонин