“Үндэсний шуудан” сонины сэтгүүлч Б.Энхмартын “Алтны өмнө Монголын хууль, төр засаг бөхийж, Ерөө гол Орхоны эмгэнэлийг давтах нь” нийтлэл сэтгүүлзүйн шилдэг бүтээлд олгодог “Балдорж” шагналыг хүртлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Х.Баттулга, түүнд энэхүү хүндтэй шагналыг гардуулсан юм. Монголын шинэ үеийн сэтгүүл зүйн түүчээ болж чадсан сэтгүүлч Ц.Балдорж агсны нэрэмжит сэтгүүл зүйн салбарт бүтээлээрээ шигшигдсэн 2017 оны шилдэг сэтгүүлчдийг тодруулах ёслол өнөөдөр Улаанбаатар ресторанд болов.



Энэхүү ёслолд Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат, хоёр дахь ерөнхийлөгч Н.Багабанди, Монгол Улсын Ерөнхий сайд асан Р.Амаржаргал болон өнөөгийн төр засгийн эрхэм түшээд хүрэлцэн ирсэн юм. Монголын сэтгүүлзүйн шилдэг бүтээлд “Балдорж” шагнал олгох ёслолын ажиллагааг түүний үүсгэн байгуулсан  “Монгол ньюс” групп болон “Балдорж” сангаас ес дэх жилдээ зохион байгуулж байна. Мөн Улаанбаатар банк, МЗХ-ноос дэмжин шилдгээр шалгарсан сэтгүүлчдэд шагнал гардуулдаг уламжлалтай.

Бүтээлээ ирүүлсэн сэтгүүлчдийн нийтлэл, нэвтрүүлгийг улирал тутамд шалгаруулж, олон нийтэд зарладаг дүрэмтэй учраас олон нийтэд хамгийн шударга шагнал гэж үнэлэгддэг. ”Балдорж” шагналын эзэн болсон сэтгүүлч 5000 ам.доллар, аман хүзүүдсэн нь 3000 ам.долларын шагнал хүртдэг төдийгүй шилдэг аравт багтсан сэтгүүлчид 2 сая төгрөг болон гадаадад аялах зэрэг өндөр урамшуулал хүртдэг онцлогтой.
Сэтгүүлчдэд хүртээж буй мөнгөн шагналын сан нь Монголдоо хамгийн өндөр бөгөөд сэтгүүл зүйн шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн “Балдорж” шагналын ес дэх удаагийн шалгаруулалтын дөрөв дэх улирлын дүнгээ гаргаж, шилдгүүдийг ийнхүү тодрууллаа.



Эхний шилдэг 10-т шалгарсан бүтээлийг танилцуулж байна. Тэргүүн байрт: сэтгүүлч Б.Энхмарт “Үндэсний шуудан” сонин: “Алтны өмнө Монголын хууль, төр засаг бөхийж, Ерөө гол Орхоны эмгэнэлийг давтах нь” нийтлэл, дэд байрт Л.Ганчимэг “Өнөөдөр” сонин, “Аавын эзгүйд” реалити сурвалжлага, Г.Батзаяа /МҮОНТВ-ийн сэтгүүлч/, Ж.Золзаяа, Б.Отгон-Эрдэнэ “Гологдсон зүрх” цуврал нэвтрүүлэг /“Баримт” эрэн сурвалжлах нэвтрүүлгийн баг/, Ж.Сувдмаа /Өнөөдөр/ “Хүдэрийг самарчид самарч байна” сурвалжлага , Б.Баярмаа, Б.Ганбаяр “Засгийн газрын мэдээ” сонин- “Амины үнэтэй халуун тогоо” фото сурвалжлага, Г.Одгарав “Gogo.mn”, “Хар тугалга” нийтлэл, Т.Энхбат “Өнөөдөр” сонин: “Сул ханшийн ашиг” нийтлэл, Ц.Оюундарь, Х.Шинэ-Од МҮОНТВ: “Эр бор харцага” олон ангит кино, Б.Ерэнтэй “Open Door” сэтгүүл
/Эмээлийн баавар ба “Эврика”/ нийтлэл, Э.Хүрэлбаатар “Өдрийн сонин” /“Бичигтийн боомт дээр цэвдэг сэтгэлтэй монголчуудын гарт адуун сүрэг маань өлдөж, хөлдөж тарчилсаар үхэж байна” “Дэлхийн дуурийн ноён оргилуудын нэг, зууны манлай дуучин Х.Уртнасангийн унаган нутгаар”/, Б.Энхзаяа “Зууны мэдээ” “Хогонд дарагдсан Хөвсгөл” нийтлэл, Э.Харцага “Өнөөдөр” сонин. “Халдлагад өртсөн Туул” гэрэл зургийн сурвалжлагаараа тус тус шалгарчээ.
Энэ жил анх удаа гадаад улсаас Монголын сэтгүүлчдэд шагнал хүртээсэн. Канад улсын ЭСЯ-наас эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах сэдвээр шилдэг бүтээлд шагнал хүртээсэн бөгөөд уг шагналыг сэтгүүлч Э.Энэрэлийн “Сэтгүүлчдийн хандлага өөрчлөгдөж байж нийгмийн ойлголтыг засна” нийтлэлд хүртээсэн юм.  Мөн МЗХ-ноос “Тэргүүний залуу сэтгүүлч” цол тэмдгийн эзнээр сэтгүүлч Ч.Мөнхзулыг тодрууллаа.

Өнгөрсөн жил “Засгийн мэдээ сонины орлогч эрхлэгч Ц.Цэвээнхэрлэн “Чонон сүргийн сүүлийн өчил" нийтлэлээрээ “Балдорж” шагналын эзнээр шалгарсан бол "MN 25 дугаар суваг" телевизийн сэтгүүлч Аюурбунь, Ундармаа нар "1000 төгрөг" зорилтот нэвтрүүлгээр дэд байрын эзэн болсон юм.

“Балдорж” шагналын шилдгүүдийг танилцуулахад, 2009 онд Б.Ганчимэг  /“Үндэсний шуудан” сонин, өдгөө МОНЦАМЭ агентлагийн дарга/, 2010 онд Д.Оюун-Эрдэнэ /“Өнөөдөр” сонин, 2011 онд Ж.Гангаа /Өдрийн сонин/, 2012 онд Г.Отгонбаяр /“Үндэсний шуудан” сонин/, 2013 онд Ж.Тэгшжаргал /“Өнөөдөр” сонин/, 2014 онд У.Ганбаяр, М.Буянбадрах /“Хүрээлэн амьд ертөнц” төсөл/, 2015 онд Э.Хүрэлбаатар /Өдрийн сонин/, 2016 онд Ц.Цэвээнхэрлэн /“Засгийн газрын мэдээ” сонин/, 2017 онд Б.Энхмарт /'Үндэсний шуудан' сонин/ тус тус хүртээд байна.
Дашрамд дуулгахад, “Балдорж” шагналын шилдгээр 25 бүтээл шалгаруулдаг бөгөөд энэ жилийн шилдэг 25-д МОНЦАМЭ агентлагийн тоймч Б.Алтанхуяг “Дуудаад ирэхгүй алсад” нийтлэл болон хэд хэдэн бүтээлээрээ шалгарлаа.

 
Д.Өлзий