Сүүлийн үед хар тамхины хэрэглээ эрс ихэсчээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн XI хорооны байрны гадаа автомашинд хар тамхи татаж байсан залуусыг энэ сарын 03-нд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаа нар илрүүлжээ. Тус дүүргийн XI хороонд оршин суух эрэгтэй, 22 настай З, Чингэлтэй дүүргийн XVIII хороонд оршин суух эрэгтэй, 17 настай О, мөн Чингэлтэй дүүргийн XVII хороонд оршин суух эрэгтэй, 20 настай Э нар аж.

Эдгээр залуус “Toyota Prius-20” автомашинд мансууруулах бодис хэрэглэж байсныг илрүүлэн Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж эхэлсэн байна. Эд мөрийн баримтаар улаан өнгийн ахуйн хэрэглээний газ хоёр ширхэг, 500 граммын хуванцар савтай нойтон өвс хоёр ширхэг, 200 граммын хуванцар савтай хуурай өвс хоёр ширхгийг тус тус хураан авчээ. Мөн Баянгол дүүрэгт 18 настай дөрвөн охин нийлж үе тэнгийнхнээ дээрэмдсэн хэрэг өнгөрсөн сарын сүүлээр гарсан. Дээрэм хийсэн дөрвөн охины нэг нь мансууруулах бодис хэрэглэсэн нь цагдаагийн байгууллагын шалгалтаар тогтоогдсон байдаг. Энэ мэт хар тамхины хэрэгтэй холбоотой мэдээлэл цагдаагийн байгууллагаас гаргадаг хоногийн мэдээнд өдөр бүр гарах нь энгийн үзэгдэл болжээ.

Хар тамхи хэрэглэгч нарын тоонд хүүхдүүд, сурагчид албан ёсоор багтах болсон нь мэргэжилтнүүдийн санааг зовоосон асуудал болоод байгаа. Одоогоос хоёр жилийн өмнө Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 12-14 насны нэг ангийн 14 хүүхэд хар тамхи хэрэглэж байгаад саатуулагдсан байдаг. Харин энэ жилийн хувьд өнгөрөгч дөрөвдүгээр сард Сүхбаатар дүүргийн XI хороолол, Зуун айл орчмын байрнуудаас мансууруулах төрлийн бодис хэрэглэж мансуурсан хүүхдүүдийг цагдаа нар барьжээ. Сүхбаатар дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэр 23 дугаар байрны есөн давхраас 14 настай Б, 16 настай Г, 15 настай Ж нар зэрлэг олсны төрлийн ургамал буюу каннабис татаж мансуурч байгаад баригдсан байна. Тэд нэг сургуулийн сурагчид байсан гэнэ. Цагдаа нар хүүхдүүдийг шалгаж, СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлсэн байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Хархорин, нэгдүгээр хороолол орчмын байрны орцонд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид байнга мансуурдаг гэсэн мэдээлэл байгаа. Дээрх газруудын угсармал байрны оршин суугчид гэрээсээ орж гарахдаа ихэвчлэн цахилгаан шат ашигладаг. Харин шат нь цахилгаан шатны хажууд хаалгаар гардаг. Өөрөөр хэлбэл, тусгаарласан байдалтай байдаг. Гэрэлгүй, байнга харанхуй байдаг учраас сурагчид ашиглаж, ангиараа мансуурдаг гэж эх сурвалж мэдээлэв.

18 ХҮРТЭЛХ НАСНЫХАН ХАР ТАМХИНЫ ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДОХ НЬ ХОЁР ДАХИН ИХЭССЭН ГЭВ

Жүжигчин Б.Баатархүүгийн хүү Б.Хүслэн хар тамхи хэрэглэсэн үедээ 12 давхар байрнаас унаж амиа алдсан ноцтой хэрэг өнгөрсөн нэдүгээр сарын 29-нд гарсан. Тэрбээр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх “Рояал Кэстл” хотхоны 103 дугаар байрны 12 давхраас унаж амиа алдсан. Тус байр Ерөнхийлөгч Х.Баттулгын хүү Б.Хүлэгтийн гэр байсан бөгөөд хэрэг гарах үед байранд 11 залуу хоносон байдаг. Тэдний хоёроос бусад нь хар тамхи хэрэглэж мансуурсан болохыг Шүүх эмнэлгээс хийсэн шинжилгээгээр тогтоосон. Мөн залуусын байрласан гэрээс хар тамхи, тариур зэрэг эд зүйлс нэгжлэгийн үед олдож байв. Талийгаач Б.Хүслэн 22 настай, харин найзууд нь 21-28 насныхан. Мөн дээрх хэргээс хэдэн сарын өмнө 18 настай залуу хар тамхи, мансууруулах бодис хэрэглэн амиа алдсан байдаг. Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт ухаангүй хүргэгдсэн бөгөөд эмчилгээ авалгүй байсаар амиа алдсан. Талийгаачтай хамт 18-22 насны хоёр залуу мансууруулах төрлийн бодис болох каннабисыг татаж, мансуурсан болохыг цагдаагийнхан тогтоосон. Талийгаачийг тун хэтрүүлэн хэрэглэсэн гэж үзсэн билээ. Энэ мэтчилэн хар тамхитай холбоотойгоор амиа алдсан залуусын хэргийг сөхөхөд дундаршгүй.

Хар тамхины гэмт хэрэгт 2016 оны байдлаар 109 эрүүгийн хэрэгт 224 хүнийг холбогдуулан шалгалтын ажиллагаа хийгдсэн. 2017 оны эхний нэг сарын байдлаар таван эрүүгийн хэрэгт 14 хүнийг холбогдуулан шалгасан аж. Гэмт хэргийн гаралтыг өмнөх жилүүдтэй харьцуулбал өссөн үзүүлэлттэй гарсан гэдгийг албаныхан хэлж байлаа. 2015 оны байдлаар 79 хэрэгт 169 хүнийг холбогдуулан шалгаж байжээ.

Цагдаагийн байгууллагаас гаргасан албан ёсны тоон мэдээллээс харвал 18-35 насныхан энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох нь хамгийн их буюу нийт тохиолдлын 76.3 хувийг эзэлж байгаа гэнэ. Мөн сүүлийн хоёр жилийн хугацаанд 18 нас хүртэлх иргэд хар тамхи, мансууруулах бодисын гэмт хэрэгт холбогдох нь хоёр дахин өссөн нь анхаарал татаж байгаа юм. Ийнхүү жил ирэх тусам газар авч, өссөн үзүүлэлттэй байгаа хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлж, тэмцэхийн тулд иргэд, төрийн болон төрийн бус байгууллагын оролцоо маш чухал гэдгийг ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ё.Лхагвасүрэн онцолж байлаа.

Судалгаагаар сүүлийн арав орчим жилд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэг нийт гэмт хэргийн 0.2 хувийг эзэлжээ. Үүнээс 82 хувь нь Улаанбаатар хотод үйлдэгдсэн байна. Хэрэгт холбогдсон хүмүүсийн 65 хувийг 18-24 насныхан эзэлж байгаа аж. Өнгөрөгч тавдугаар сарын байдлаар 66 хүн ял эдэлж, 22 хүн сэжиглэгдэн шалгагдаж байгаа гэнэ. Түүнчлэн хар тамхи мансууруулах бодисыг улсын хилээр нэвтрүүлэх арга улам нарийсч, олон улсын шуудан илгээмж, цахилгаан бараа, өргөн хэрэглээний бүтээгдэхүүнд нууж нэвтрүүлэх, борлуулахдаа товлосон газар нууж үлдээх, төлбөр тооцоог урьдчилж бусдын данс ашиглан авах зэргээр зохион байгуулалттай болсон аж. Энэ талаар ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч С.Ариунболор ярихдаа “Хар тамхины гэмт хэрэг олон улсын хэмжээнд, нууц далд аргаар үйлдэгддэг. Энэ хэргийн талаар ямар нэгэн субъект мэдэгддэггүй, мэдээлэл өгдөггүйгээрээ онцлог. Манай улсад илрүүлэлтийн тоо өсч байгаа. Тэгэхээр үйлдэгдэж байгаа хэргийн тоо өсч байна гэсэн үг. Холбогдож байгаа хүмүүсийн олонх нь залуус. Энэ нь Монгол Улсын ирээдүйд нөлөөлж байна гэсэн үг. Хар тамхины хэрэглээ монгол хүний удмын санд нөлөөлөх эрсдэлтэй байгаа” гэсэн юм.

ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГА МАНСУУРАГЧДЫГ ХЯНАЛТААСАА АЛДААД ОЛОН ЖИЛ БОЛЖЭЭ

Хар тамхи, мансууруулах бодисын төрлийн 50 орчим ургамал байдаг гэнэ. Үүний тодорхой хувь нь манай оронд ургадаг. Манай улсын хэмжээнд 2010 он хүртэлх хугацаанд энэ төрлийн гэмт хэргийн ихэнх хувийг манай оронд ургадаг мансууруулах бодисын үйлчилгээтэй зэрлэг олсны төрлийн ургамлыг олж авах, хадгалах, борлуулах зэрэг эзэлж байв. Харин 2011 оноос химийн аргаар боловсруулсан сэтгэцэд нөлөөлөх бодис болох амфетамин, метафетамин агуулсан мөс буюу “ice” гэх нэршилтэй бодисыг хэрэглэх нь ихэсчээ. “Хар тамхи, мансууруулах төрлийн бодисыг хэрэглэснээр хүний биед буй хүч энергийн нөөцийг богино хугацаанд дайчилж гаргадаг. Харин тэрхүү эрч, энерги нь дууссаны дараа тархинд цус харвасан эсвэл зүрхний шигдээс үүссэнтэй ижил хэмжээнд бүх эрхтэнд цусан хангамжийн дутагдал, гүнзгий хордлого илэрч, эрхтэн бүрд жижиг үхжил үүсдэг байна. Энэ нь эргэж сэргэхгүй” хэмээн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэцийн их эмч Ө.Анхболд ярьжээ. Ийнхүү хүний биед асар их хор хөнөөлтэй атал саваагүй, тоомжиргүй зангаас үүдэн хар тамхины хэрэгт холбогдох залуусын тоо буурахгүй байгааг холбогдох албаныхан сануулж байна. Хар тамхи байнга хэрэглэж мансуурдаг хүний тоо 76 мянгад хүрээд буй. Энэ талаар Тагнуулын ерөнхий газар, цагдаагийн байгууллага болон хар тамхи, мансуурлын эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллага хамтарч өнгөрсөн жил судалгаа хийсэн байдаг. Судалгаагаар нийт 76 мянга гаруй хүн хар тамхи хэрэглэж мансуурч байна. Үүний 60 гаруй мянга нь өсвөр насны хүүхдүүд болон 19-35 насны залуус байна гэх нарийвчилсан судалгааг гаргажээ. Хууль хяналтын байгууллага мансуурагчдыг хяналтаасаа алдаад олон жил болж байгааг холбогдох газрынхан хүлээн зөвшөөрдөг байна. Нэг ёсондоо тэд нүдэн балай, чих нь дүлий өнгөрдөг болжээ. Монголд хар тамхинд мансуурагчдын тоо 2005 оноос өмнө тэгтлээ их биш байсан. Анх урлагийнхан хар тамхи хэрэглэж, ар араасаа цагдаа нарт баригдах болсон. Мөн мансуурах нь хамгийн дээд мэдрэмж авдаг. Хамгийн гоё зүйл нь мансуурах гэх утга агуулсан дуу хийж, түүнийгээ олон нийтэд түгээх болсон. Тайзан дээр гарч ирээд л “Нүдээ аниад тэнгэрт нис. Хүчтэй сороод үз мансуурна, чи” гээд л дуулах болсон. Түүнчлэн олны хайр хүндлэлийг хүлээсэн дуучид хар тамхи хэрэглэж байгаа талаарх яриа 2000 оны дунд үеэс эхлэн урлагт анх хөл тавьж байгаа залуусын дунд гарч байсан.

Сүүлдээ дуучдын хар тамхи хэрэглэж байгаа нь өсвөр насны сурагч, залууст хүрч эхэлсэн байдаг. Дуучид хар тамхи хэрэглэж эхэлснээс хойш монголын хүүхэд, залуус хэдэн мянгаараа хар тамхинд орж донтох болсон байдаг. Ийнхүү хар тамхитай холбоотой ноцтой гэмт хэргийг холбогдох хууль хяналтын байгууллагууд үл тоомсорлож, зүгээр л чихнийхээ хажуугаар өнгөрөөдөг болж, тоон мэдээлэл гаргахаас хэтрэхээ больжээ.

Мансууруулах бодис хэрэглэвэл Монгол Улсын Эрүүгийн хуулийн 192-т заасны дагуу 15-20 хүртэлх жилийн хугацаанд хорих ялаар шийтгэдэг. Иймээс эцэг эхчүүд өсвөр насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, зан ааш өөрчлөгдөж буй эсэх, чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөж байгаа болон нийлж буй хүүхдүүдийг нь таньж мэдэх, хар тамхины хэрэглэгч болохоос сэрэмжлэхийг сануулж байна.

БОЛДБААТАРЫН УРАНЧИМЭГ