ӨМӨЗО-ы 70 жилийн ой сүр сүндэртэй болсон ч, монголчуудын бэлчээр нутаг хятадуудын гахайгаар дүүрэх, гахайн орон болох цаг ирсэн байхад юу нь сайхан байгаа юм гэж бухимдсан хүмүүс олон байсан билээ. Өвөр Монголд бэлчээрийн мал аж ахуй нь байгаль орчинд халтай гэж хавчин хяхаж, тэгсэн хэрнээ илүү халтай гахайн аж ахуйг суурьшуулж байгаа.

Эхлээд, малчдыг өөрийн гэсэн бэлчээр нутагтай болгоно гэж хашаалан хязгаарлаж, тал хээрээр зоргоор нүүдэллэн явахыг болиулж, ихэнхи газрыг булааж, хортой үйлдвэрлэл, уул уурхай, цэргийн туршилтын талбай байгуулж, түм бумаар нь хятад шилжин суурьшигчийг ирүүлсэн. Өнөөдөр тэр хашаалсан бэлчээр нутгийг мөн л булааж, малчдыг хүчээр суурьшуулан, ажил амьдралгүй болгож буй нь эмгэнэл. Харин суларсан нутагт гахайг үй олноор нь авчирч өсгөх болсон юм. Англид феодалын нийгмийн үед хонь нь хүнээ иднэ гэх үзэгдэл гарч байсан бол Өвөр Монголд хятад гахай монгол хүнийг иднэ гэх үзэгдэл гарч байна.

COFCO компани нэг сая гахай авчрах төлөвлөгөөг хэрэгжүүлж буй. Монголчуудын бэлчээрийн мал аж ахуй нь байгальтайгаа ихэд зохилдсон, хаягдал бохирдол бага гаргадаг. Тэгвэл COFCO-гийн гахайн аж ахуйгаас маш их хэмжээний ялгадас, хог, сэг зэм гарч бэлчээр нутгийг үлэмж бохирдуулах болсон. Үнэр танар гэж авахын аргагүй, хавь ойрын агаарыг дотор муухайрам болгоно. Эргэн тойрны 100 миль газар ил далд усыг бохирдуулжээ. Гахайн фермээс 40 миль зайд хав хар ус гарах болж. Хэдэн арван миль зайд уулын булгаас л цэвэр ус олж болохоор болсон байна. Энэ бүхэн нь малчдын тэвчээрийг барагдуулсан.

Тэд энэ оны 5 сарын 26-нд Онниуд хошуунд Тунгалаг гэдэг эмэгтэйгээр удирдуулан, зам хааж гахайн фермийг буцаахыг шаардсан билээ. Олон малчдын баатарлиг тэмцлийн эсрэг 400 үймээний цагдаа хэдэн арван машинаар ирж, харгис хэрцгийгээр хүч хэрэглэн бослогыг дарсан. 20 идэвхтэнийг баривчилж, 7-д нь эрүү үүсгэсэн. Гахайн аж ахуй аргагүй буруутай байсан тул баригдсан хүмүүсийг суллаж, 2 хүнийг 37 хоног хорьж байцаагаад бас хэргийн бүрдэлгүй гээд сулласан. Саяхнаас ахин тэдгээр удирдагчдыг хэрэгт ороох болсон билээ.

Үр дүнд нь байдал огт өөрчлөгдөөгүй. Өвөр Монголын тал нутгийг гахайжуулах бодлого хэрэгждэгээрээ хэрэгжсээр. Гахай түрэмгийлэл үргэлжилдгээрээ үргэлжилсээр.

Эх сурвалж:  http://southmongolia.org