Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Ц.Нямдорж тэргүүтэй УИХ-ын нэр бүхий гишүүд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын удирдсан Засгийн Газрыг огцруулах санал гаргасан билээ.

Улмаар 9 сарын 7-нд хуралдсан УИХ-ын ээлжит бус чуулганд оролцсон гишүүдийн 57.5 хувийн саналаар Засгийн Газрыг огцруулсан юм. Үүнтэй зэрэгцэн, дараагийн Ерөнхий сайд, улмаар Засгийн Газрын гишүүн-сайдуудыг тодруулах ажил МАН-д хэдийн эхлээд байна. Монгол Ардын Намын Удирдах зөвлөл энэ долоо хоногийн Лхагва гаригт хуралдаж,  намын Бага хурлаа 2017.09.25-нд зохион байгуулахаар товлосон.МАН-ын Бага хурлаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах бөгөөд УИХ-ын намрын ээлжит чуулганы эхэнд танхимыг бүрдүүлэх шийдэлд хүрээд буй юм. Хачирхалтай нь Ерөнхий сайдад нэр дэвшигчдийн дунд УИХ-ын гишүүн, Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайдын үүрэг гүйцэтгэгч Сандагийн Бямбацогтын нэр явж буй нь олон нийтийн төдийгүй МАН-ын жирийн гишүүдийн ч гайхшлыг төрүүлж байна. Учир нь Ж.Эрдэнэбатын удирдсан Засгийн Газрыг огцруулсан хамгийн том үндэслэл нь  нийт 744 тэрбум 90 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий долоон концессын гэрээний асуудал байсан юм. Тэгвэл  эдгээрийн нэг болох  “Чойр дэд станцын өргөтгөл, шинэчлэл”-ийн төслийн концессийг С.Бямбацогтын "Алтай Трест" компани авсан билээ. Барих, шилжүүлэх гэрээтэй уг концессын төсөвт өртөг нь 77 тэрбум 695 сая төгрөгөөр батлагдсан аж. Иймээс хэрэв С.Бямбацогт  Ерөнхий сайд, тэр бүү хэл Засгийн Газрын гишүүн, сайд ч гэсэн болвол чухамдаа  Ж.Эрдэнэбатын удирдсан Засгийн Газрыг огцруулсны утга учир алдагдана. Учир нь өөрсдийн хамаарал бүхий компаниуддаа концесс хувиарласан ашиг сонирхлын зөрчилтэй сайдуудаас салах нь Засгийн газрыг огцруулсны гол шалтгаан байсан юм. Нөгөөтэйгүүр С.Бямбацогтыг МАНАН дэглэмийн гол толгойлогчид гэгдэх Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан С.Баяр нарын ойрын хүрээллийн хүн гэх албан бус мэдээлэл улс төрийн хүрээнд яригддаг.

 

П.Энхмандах

sonin.mn