Олон улсын валютын сангаас тавьсан шаардлагын дагуу хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгох шийдвэр гаргаад байгаа билээ. Энэ дагуу он дуустал олгох хүүхдийн мөнгийг төсөвт суулгаад байсан юм.

Харин Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө буюу өнгөрсөн дөрөвдүгээр сарын 14-нд Төсвийн тодотголыг батлахдаа 161 тэрбум 520 сая төгрөг баталсан ч зургадугаар сард бүх хүүхдэд олгохоор болж, тарааж дуусгажээ. Үүнээс үүдэж есдүгээр сард хүүхдийн мөнгө олгох санхүүжилтгүй болсон байна.

Энэ талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн хэлэхдээ “Есдүгээр сарын хүүхдийн мөнгийг олгохын тулд 110 тэрбум төгрөг шаардлагатай. Энэ санхүүжилттыг аравдугаар сард хуралдах УИХ-ын ээлжит чуулганаар хэлэлцэж, баталсны дараа хүүхдийн мөнгийг үргэлжлүүлж олгоно” гэв.