МАН-ын Удирдах зөвлөлөөс Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Н.Энхболд, Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүх нарын нэрийг дэвшүүлж Бага хурлаараа хэлэлцүүлсэн. Улмаар үүр цайтал хуралдсан Бага хурлын гишүүдийн 63.4 хувь нь У.Хүрэлсүхийг дэмжсэн юм.

Тодруулбал, У.Хүрэлсүх 188,  Ө.Энхтүвшин 101, Н.Энхболдыг таван гишүүний дэмжлэг хүлээжээ. Ийнхүү Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүх Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд болох замаа шулуутгалаа. Шулуутгалаа гэж тодотгосны учир нь эрх баригч намын Бага хурлаас гарсан уг шийдвэрт ямар нэгэн саад тотгор учрах боломж хуулийн хүрээнд байхгүй, магадлал нь тун бага. Нөгөө талаар дордуулсан долоо хэмээгддэг 2001 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгч хориг тавих эрхэд хязгаарлалт бий. Тодруулбал, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн нэгд “Улсын Их Хурлын анхдугаар чуулганаар Улсын Их Хурлын дарга сонгогдсон, Засгийн газар огцорсон, Улсын Их Хурал Ерөнхий сайдыг огцруулах буюу хүсэлтээр нь чөлөөлөх тухай шийдвэр гаргасан, Ерөнхий сайд нас нөгчсөн тохиолдолд Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам буюу намуудын сонгуулийн эвсэлээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол Улсын Их Хуралд хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам эвсэлтэй зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг; хэрэв хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөж нэр дэвшүүлж чадаагүй бол Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхиороо нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч хүлээж авснаас хойш тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна” гэсэн заалттай. 
Өөрөөр хэлбэл, МАН-ын дарга М.Энхболд Бага хурлаас тодруулсан Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгч Х.Баттулгатай зөвшилцсөнөөс хойш тав хоногийн дараа УИХ-аар хэлэлцэх боломжтой болох юм. Ерөнхийлөгчийн хувьд ч нэр дэвшигчийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд тав хоног хүлээх шаардлагагүй. Үүгээр ирэх даваа гаригт буюу аравдугаар сарын 2-нд нээлтээ хийх намрын ээлжит чуулганы эхэнд Ерөнхий сайдад нэр дэвшигчийг хэлэлцэх нь. Учир нь Бага хурлын өмнө болсон УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдааны дараа тус Бүлгийн дарга Д.Хаянхярваа “МАН-ын бүлгийн гишүүд дараагийн Засгийн газрын гишүүдэд тавигдах шаардлагын талаар саналаа хэллээ. Мөн аравдугаар сарын эхний 10 хоногт багтаан Засгийн газрын гишүүдийг томилох асуудал дээр нэгдсэн байр сууринд хүрсэн” хэмээн мэдэгдэж байлаа. Нөгөө талаар Ерөнхийлөгч Х.Баттулга мэдээлэл хийх үеэрээ “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд дан давхар дээлтэй, хэн байх нь хамаагүй. Хамгийн гол нь улс орны өмнө тулгамдаад байгаа олон асуудлуудыг яаралтай шийдэх нь чухал байна” гэж хэлж байснаас үзэхэд заавал тав хоног танилцаж сунжруулахгүй болов уу. Хэрэв энэ долоо хоногт УИХ-ын дарга Ерөнхийлөгчтэй нэр дэвшигчийг зөвшилцвөл ирэх даваа гаригт чуулганаар Ерөнхий сайдыг томилох юм. Улмаар чуулганы нэгдсэн хуралдаанаас нэр дэвшигч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилсны дараа тэрбээр танхимаа бүрдүүлэх, нэрсийг нь УИХ-д өргөн барих учиртай. 

Үндэсний шуудан сонин