Америкийн дунд сургуулийн автобусны харгалзагч Кэрин Клэйн гэх эмэгтэйд тохиолдсон золгүй үйл явдал эргээд түүнд гэнэтийн том аз болон хувирчээ. Нью Йоркийн дунд сургуульд 20 гаруй жил сургуулийн автобус жолоодсон Кэрин сүүлийн 3 жилээ автобусанд хянагчаар ажиллаж байхад нь дараах үйл явдал болжээ. Цахим ертөнц хөгжсөн өнөө үед автобусныхаа настай хянагчийг элдэв бусармаг үгээр доромжилж, биед нь халдаж байгаа 7-р ангийнхан 10 минут үргэлжлэх бичлэгээ онгирох зорилгоор интернетэд тавьснаар, Кэриний амьдрал орвонгоороо эргэсэн байна. Бичлэг дээр Кэринийг хүүхдүүд элдэв хочоор дуудаж, ном дэвтрээрээ цохиж байгаа нь харагдах бөгөөд бүр цаашлаад “Чамд гэр бүл байхгүй. Чам шиг муухай бүдүүн гахайтай хамт амьдрахгүй тулд өөрсдийгөө алчихсан биз дээ” гэх мэтээр давшилж, энэ үг Кэринд дэндүү хүндээр тусч уйлж байгаа нь бичлэгт үлджээ. Учир нь Кэриний том хүү энэ явдлаас 10 гаруй жилийн өмнө амиа егүүтгэсэн байсан бөгөөд ажил үүргээ гүйцэтгэж байхдаа 12 13-тай хүүхдүүдэд уйлах хүртлээ доромжлуулж, дээрэлхүүлж байгаа настай эмэгтэйн бичлэг Америк даяар шуугиан дэгдээж, сургуулийн захиргаа, дээрэлхүү хүүхдүүд бас эцэг эхэд нь хариуцлага тооцохыг олон нийт шаардаж, сошиалд дээрэлхэх явдлыг эсэргүүцэж байгааг олон тооны иргэд илэрхийлж эхэлжээ. Настай эмэгтэйг доромжилсноо бусдад гайхуулах зорилгоор юүтүбд оруулсан бичлэгийг 9 гаруй сая хүн үзэж, нэг ёсондоо дээрэлхүү хүүхдүүд хүртэх ёстойгоо хүртэж, сургууль болон эцэг эхээсээ хатуухан шийтгэл авчээ. Харин Кэриний хувьд энэ золгүй үйл явдал яаж гэнэтийн аз болж эргэсэн бэ гэхээр ахлах сургуульдаа бас л дээрэлхүүлж байсан Макс Сидоров гэх залуу Кэриний бичлэгийг үзээд, олон нийтийн мөнгө босгодог indiegogo сайтад Кэринийг амралтад явуулахад шаардлагатай 5000 ам.долларыг нийтээс босгох аяныг эхлүүлсэн байна. Гайхалтай нь аяны хүрээнд Кэринд олон нийтээс 700 мянган долларын хандив цугларсан бөгөөд хандивын ачаар Кэрин хугацаанаасаа эрт тэтгэвэрт сууж, үлдсэн амьдралаа хангалуун өнгөрүүлэхээр болжээ. Харин тэрээр хандивын мөнгөнөөс 100 мянган ам.долларыг нь Кэрин Клэйны нэрэмжит дээрэлхэхийн эсрэг санг үүсгэн байгуулан хандивласан байна.