УИХ-д 65 суудал бүхий эрх баригч МАН-ын IX Бага хурал 9 сарын 25, 26-нд Тусгаар тогтнолын ордонд болсон билээ.  Уг хурлаар  УИХ-ын дарга, Монгол Ардын Намын дарга М.Энхболдын улстөрийн илтгэл, Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн ялагдлын шалтгаанд хийсэн дүгнэлт, МАН-ын 28 дугаар Их хурлын төлөөлөгчийг сонгох журам болон Ерөнхий сайдын нэрийг тодруулах гэсэн дөрвөн асуудлыг тус тус хэлэлцэхээр товлосон байв. 

Бага хурлын сүүлд Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах санал хураалт болж, бага хурлын 294 гишүүний 188 нь  Шадар Сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхийн төлөө саналаа өгч,  УИХ-ын гишүүн Н.Энхболд 5, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин 101 төлөөлөгчийн санал авсан юм. Иймээс ч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшихээр болж, өчигдөр  МАН түүний нэрийг Ерөнхийлөгч Х.Баттулгад албан ёсоор өргөн мэдүүлж, Ерөнхийлөгч УИХ-д асуудлыг яаралтай шийдэхийг хүсээд байна.

Тэгвэл үүнээс гадна нэгэн энгийн атлаа хачирхалтай зүйл болсон нь МАН түүхэндээ анх удаа намын даргынхаа улс төрийн илтгэлийг олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд бүрэн эхээр нь тавиагүй явдал юм. Уг нь жишиг ёсоор бол намын даргын илтгэлийг тухайн цаг тутамд нь хэвлэлд бүрэн эхээр нь тавих учиртай байлаа. Зөвхөн М.Энхболдоор жишээ авахад л  2013 он, 2014 он,  2015 оны 12 сарын 14, 2016 оны 4 Сарын 20, 2016 оны 12-р сар зэрэг намынхаа бага хуралд тавьсан улс төрийн илтгэлүүд нь бүгд л намын гишүүд, олон нийтэд нээлттэй тавигдаж байв.  Харин МАН-ын IX Бага хурал дээрх намын даргын илтгэл л анх удаа ийнхүү олон нийтэд бүрэн эхээрээ хүрээгүй аж.

Учир шалтгааныг нь лавлавал МАН-ын дарга М.Энхболд улс төрийн илтгэлдээ намынхаа бузар булай үйлдлийн зах зухаас дэлгэсэн бололтой. Тодруулбал тэрээр: " УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа шинээр ажилд томилогдсон хүмүүсийн 51 хувь нь Засгийн газар, УИХ-ын гишүүдийн санал болгосон хүмүүс байна." гэх мэтээр үнэнээ хэлчихсэн аж. 

Энэ нь ч үнэн бололтой,  өчигдөр  гэхэд л АТГ-ын ажлын хэсэг Зам Тээврийн Хөгжлийн Яаман дээр томилгоо, үйл ажиллагаа хэрхэн зах замбараагаа алдсаныг дэлгэсэн билээ. Sonin.mn ч энэ тухай мэдээлсэн.

http://sonin.mn/news/gemt-hereg/82380

Ийнхүү МАН-ынхны дотоод зөрчил өөрсдийнх нь хууль бус томилгоо, хариуцлаггүй үйл ажиллагааг ил болгож эхэллээ.

 

П.Энхмандах

www.sonin.mn