Хойд Солонгос улсын хамгийн нэр хүндтэй охидын хамтлаг болох "Мурангбунг" амьд хөгжмийн хамтлаг анх удаа гадаадад буюу БНХАУ-ын Бээжин хотод тоглолт хийж байжээ. Хятад улсын Коммунист нам тус хамтлагийг Бээжин хотын Үндэсний их театрт тоглолт хийхийг албан ёсоор хүсч урьсан бөгөөд урилгын дагуу 10-н хөгжимчин, долоон дуучны бүрэлдэхүүнтэйгээр анхны тоглолтоо хийсэн байна."Мурангбунг" хамтлаг нийтдээ гурван орой тоглолт хийсэн ба бүрэн хэмжээний хаалттай тоглолтыг Хятад улсын төрийн өндөр албан тушаалтнууд болон урилга авсан 2 000 гаруй хүн үзсэн юм байна.
"Мурангбунг" хамтлаг нь 2011 онд тус улсын залуу удирдагч Ким Жонг Ын-ийн санаачлагаар байгуулагдсан бөгөөд 2012 онд тус хамтлаг анх тайзнаа гарч, орчин үеийн бүжгийн хөдөлгөөнийг үзүүлж, богино үс засалт, богино банзал, гялалзсан хувцас өмсөн дуулж эхлэснээр Хойд Солонгосын иргэдийн хувьд цоо шинэ урлагийн төрлийг хүлээн авсан нь энэ ажээ.