Барилгын салбарт эрэлтгүй нийлүүлэлт буюу оршин суугчгүй орон сууцууд нэмэгдсээр байна. Уг нь орон сууцанд орох хүсэл хүн бүрт бий. Гэвч шууд төлбөрөө төлөөд орох чадвартай нь хүссэн шигээ олон байж чадахгүй байна. Төр энэ асуудлыг шийдвэрлэхээр ипотекийн зээлийг санаачлан хэрэгжүүлж байгаа ч банкны шаардлагыг хангаж, зээлд хамрагдах иргэд ч цөөрсөөр байна. Харин энэ үед гарч ирсэн оновчтой байж магадгүй нэгэн шийдэл нь түрээсийн орон сууц байв.

 

Шууд төлбөрөө төлөх чадамжгүй, эсвэл зээл хамрагдах гэхээр шаардлагад нийцдэггүй ч сар бүр тодорхой орлоготой залуус, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг түрээсийн орон сууц хөтөлбөрт хамруулж байлаа. Гэвч хөтөлбөр тодорхойгүй шалтгааны улмаас зогсоод байгаа аж. Албаны эх сурвалжаас тодруулахад, төрд түрээслэх орон сууц байхгүй гэж мэдэгдсэн.

 

Өнөөдөр орон сууцны зах зээлд 1600 гаруй барилга, орон сууц эзнээ хүлээж дүнхийж байгаа тухай "Тэнхлэг зууч” үл хөдлөх хөрөнгийн компанийн Гүйцэтгэх захирал Д.Должинсүрэн ярьж байлаа. Өөрөөр хэлбэл нийлүүлэлт байна гэсэн үг. Гэвч худалдан авах чадамж нийгэмд алга. Эндээс бэлэн байгаа орон сууцыг хадгалах бус харин түрээсийн хөтөлбөрт хамруулж, эрэлтэд оруулах боломж байна гэж харагдаад байгаа юм. Гэвч "төрд түрээслэх орон сууц байхгүй” гэдэг тайлбараар иргэдийн орон сууцанд амьдрах боломжийг хязгаарласаар байна.

 

Түрээсийн орон сууцны зах зээлд хэрэглэгч бий. Тухайлбал, 2016 оны байдлаар 27 мянга гаруй өрх орон сууц түрээслэн амьдарч байна гэсэн мэдээллийг ТОСК-аас өгсөн. Энэ бол маш том зах зээл юм. Харин энэ зах зээлд түрээслэгч л үнээ тогтоож, зохицуулалт хийж байна. Төр энэ салбарт нэг удаа оролцохдоо 1500 орчим өрхийг түрээсийн орон сууц хөтөлбөрт хамруулжээ. Тэдний 750 орчим нь Улаанбаатар хотод амьдарч байна. Сардаа нэг м.кв-ийг 6000 төгрөгөөр түрээслэдэг гэх мэдээлэл байна. Тэгвэл яг одоо түрээсийн орон сууцанд амьдарч байгаа иргэд хэчнээн төгрөгийн төлбөр төлж байна вэ энэ талаар тодруулахаар "Хангай” хотхоныг зорилоо. Энэ хотхонд "түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдсан 223 өрх байна. Тэдний нэг болох өндөр настан  Л.Биндэрьяа гуайтай ярилцлаа. 

Л.Биндэрьяа: Түрээсийн орон сууцны үнэ боломжийн 

 

-Төрөөс хэрэгжүүлж буй түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагджээ. Сардаа хэдэн төгрөгийн түрээс төлж байна вэ?

-Өнгөрсөн жил түрээсийн орон сууцанд хамрагдсан. Манайх 37.9 ам.метр. Сардаа 225 мянган төгрөг төлдөг. Түрээсийн мөнгөө сар сард нь төлөхгүй бол байрнаас гаргадаг журамтай. Журамдаа захирагдаад л амьдарч байна. Үнэ болон хугацааны хувьд боломжийн. Тэтгэвэрт гарсан миний хувьд болж л байна.

 

 

-Түрээслэж байгаа байраа зээлд хамруулж өөрийн болгон авах боломжтой гэсэн энэ талаар дуулсан уу?

-Таван жилийн дараа түрээслэж байгаа байраа зээлд хамруулаад авч болдог гэсэн. Миний хувьд байрандаа ороод жил л болж байна.

 

 

-Сардаа 225 мянган төгрөг түрээсэндээ төлдөг юм байна. Үүнээс өөр зардал гарах уу?

-Хүн амьдарч байгаа хойно урсгал зардлууд байлгүй яах вэ. Цахилгаан дулааны мөнгөө өөрсдөө төлдөг. Цөөн ам бүлтэй айл бол бага л гарна. Манайх сардаа цахилгаан дулаан болон бусад хэрэглээний төлбөрт 50 гаруй мянган төгрөг төлдөг. Харин түрээсийн мөнгө бол ТОСК-д өгчихдөг юм.

 

 

-Түрээсийн орон сууц хөтөлбөр зогссон гэж албаны хүн мэдээллээ. Энэ хөтөлбөр хэрэгжих ёстой юу?

-Манай орцонд л гэхэд 72 айл түрээсээр амьдарч байна. Зорилтод бүлгийн иргэд гэсэн учраас хөгжлийн бэрхшээлтэй, ахмад наснууд нэлээд олон байдаг. Таван жилийн түрээс төлөөд дараа нь орон сууцны зээлд хамрагдах боломжтой болохоор орох хүсэлтэй хүмүүс олон байдаг байх. Өнгөрсөн жил намайг өргөдлөө өгч байхад маш их өргөдөл харагдаж байсан. Байр цөөхөн учраас зарим хүссэн хүн бүр орж чаддаггүй байх л даа. Гэхдээ л энэ хөтөлбөр зогсож болохгүй. Цаашид хэрэгжиж, бидэн шиг олон ахмадыг дулаан орон сууцанд амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлж өгөөсэй гэж хүсч байна.

 

-Дулаан тав тух гэснээс иргэдийн дунд түрээсийн орон сууцнууд чанаргүй, хүйтэн гэх мэт шүүмжлэл байдаг. Таны байр тав тухай бэ?

-Дулаахан, тохилог. Гэхээ сүүлийн үед баригдаж байгаа байрнуудын хувьд жаахан асуудал байгаа гэж дуулддаг. Төр түрээсийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа учраас шаардлага тавиад явахад гологдох асуудал гарахгүй болов уу гэж боддог.

 

Үндэстэн.мн сайт иргэдийн хамгийн ихээр хүсэн хүлээдэг сэдвээр сурвалжлага хийхэд ийм байлаа.Улаанбаатар хотод "Хангай” хотхон болон "Буянт-Ухаа 2” хотхонуудад түрээсийн орон сууц хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Таван жил тасралтгүй түрээсээ төлсөн иргэн цаашид байраа өөрийн болгох, орон сууцны зээлд хамрагдах боломжтой аж. Гэвч энэ хөтөлбөр ердөө 1500 орчим хүнд хүрээд л зогсчихлоо. Цаана нь мянга мянган хүн түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтээ өгчихөөд хүлээж байна. Зөвхөн нийслэлд гэлтгүй орон нутагт ч түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэд олон бий. Одоо тэдний хүсэл шаардлагыг хангах, мөн зах зээлд эзэнгүй дүнхийж буй барилгуудыг ашиглалтанд оруулах зохицуулалтыг л төрөөс хийх хэрэгтэй байна.

 

 

Н.Алтанцэцэг