Өнгөрсөн амралтын өдөр таван настай охиныг хойд эцэг нь хүчирхийлсэн харамсалтай хэрэг гарсан. Охиныг төрийн хамгаалалтад авч, хэргийг хуулийн байгууллага шалгаж байгаа. Харин хойд эцгийг нь саатуулсан. Долоон сараас хойш сураггүй байгаа ээжийг нь эрэн сурвалжилж байгаа.

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэн 10000 төгрөгийн хураамжаа төлж байж шинжилгээнд оруулна хэмээн хүлээн аваагүй. Уг нь  шинжилгээний төлбөрөөс хөнгөлөгдөх заалт гэж буй. Үүний тулд хүчирхийлүүлсэн охин хороогоороо орж өөрийнхөө ядуу гэдгийг батлах ёстой аж. Заавал ядуу гэдгээ баталж байж үнэгүй шинжилгээнд хамрагдах журмыг ЭМ-ийн сайд, ХЗДХ-ийн сайд, Сангийн сайд нар гаргасан юм байна.

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн дэд захирал, цагдаагийн хурандаа Ц.Гантулгаас зарим зүйл тодруулснаа хүргэж байна.

- Өнгөрсөн амралтын өдөр таван настай охин хойд эцэгтээ хүчирхийлүүлсэн хэрэг гарсан. Охинд шинжилгээ хийсэн үү. Шинжилгээний хариу хэзээ гарах вэ?

- Өнгөрсөн амралтын өдөр таван настай охин хүчирхийлэлд өртөж, манайд шинжилгээнд орсон. Энэ дагуу манай байгууллагын дотоод аудитыг шалгалтад оруулж, бүх асуудлыг нарийн шалгаж тогтоохоор ажлын хэсэг гараад ажиллаж байна. Шинжилгээний хариу гараагүй. Нарийн лаборитарын шинжилгээ хийж байгаа. Энэ долоо хоногт багтаж гарна. Хэргийн талаар нарийн мэдээлэл өгөх боломжгүй. Уг хэргийг хуулийн байгууллага шалгаж байна.

- Шинжилгээ өгөхөөр ирэхэд 10000 төгрөг нэхээд боломжгүй бол шинжилгээ авахгүй гэсэн тухай мэдээлэл цацагдаад байгаа. Тиймээс хөндлөнгийн нэг залуу мөнгийг нь төлж шинжилгээнд оруулсан гээд байгаа. Зайлшгүй ийм тохиолдолд эхлээд шинжилгээг авч болдоггүй юм уу?

- Гурван сайдын /ЭМ-ийн сайд, ХЗДХ-ийн сайд, Сангийн сайд/ хамтарсан журам байдаг. Энэ журмын дагуу үзлэг хийж байгаа эмч нар нь төлбөрөө аваад үзлэг шинжилгээ хийдэг.

- Гэхдээ зайлшгүй тийм тохиолдолд төлбөрийг нь дараа нь авч болдоггүй юм уу?

- Төлбөрийн чадваргүй, амьдралын түвшин доогуур хүмүүсийг бид төлбөрөөс чөлөөлдөг. Ялангуяа бага насны охид холбогдсон энэ төрлийн хэрэгт төлбөргүй үйлчлэх асуудлыг зохих байгууллагад гаргадаг. Таван настай охины тухайд цаашдын үзлэг, шинжилгээ гээд хувьсан гарах зардалд төлбөргүй үйлчилгээ үзүүлэх саналаа яаманд хүргүүлчихсэн байгаа. Энэ асуудал нааштайгаар шийдэгдэнэ гэж байх гэж бодож байна.

-Хүүхдийн амь нас хэцүү, зайлшгүй шинжилгээнд хамрагдах ёстой байтал 10000 төгрөг нэхээд зогсож байгаа нь хэр зохистой вэ гэж асуугаад байна л даа?

- Яг тэр хэргийн тухайд одоохондоо төлбөрөөс чөлөөлөөгүй байна. Хэргийг бүртгэж авсан мөрдөн байцаагч нь өөрөө ирээд учир байдлаа хэлээд явсан бол төлбөр мөнгөний асуудал яригдахгүй. Тухайн үед эмч нар дуудлагад явсан байсан учраас үл ойлголт гарсан байна лээ. Түүнээс яг төлбөрөө төл, өг гээд хатуу зарчим бариагүй.

-18 нас хүрээгүй хүүхэд ЭМ-ийн даатгалаараа үнэгүй үйлчлүүлдэг биз дээ?

-Тэр зохицуулалт манай журамд байдаггүй. Гэхдээ бид үүнийг зохицуулахын тулд 18 нас хүрээгүй хүүхэд ямарваа нэгэн хэрэгт холбогдоод ирэхэд амьжиргааны түвшин зэргийг нь харгалзаж үзээд үнэ төлбөргүй шийдэж өгдөг.

-Эхлээд хүүхдийн асуудлыг шийдчихээд төлбөр мөнгөний асуудлаа ярьж болдоггүй юм уу?

-Мэдээж тэгэлгүй яахав. Тухайн үед эмч нар дуудлагад явсан байсан. Улаанбаатар хотод нас барсан хүний дуудлагад манай эмч нар бас очдог.

-Үнэ төлбөрөөс чөлөөлөх саналаа хэзээ хүргүүлсэн бэ. Хариу хэзээ гарах вэ?

-Өнөөдөр өгсөн. Энэ сард шийдэгдчих байх.

- Хураамж мөнгө юунд зарцуулагддаг вэ?

- Төрийн санд орно.

- Охинд ямар шинжилгээнүүд хийсэн бэ. Хариу нь хэзээ гарах вэ?

- Журмын дагуу нарийн шинжилгээнүүд хийсэн. Шинжилгээний хариунууд 3-5 хоногт гарна.