Төрийн байгууллагын хайнга, хайхрамжгүй, хариуцлагагүй байдлаас болж өнөөдөр МУ-ын нэгэн иргэн эрхээ зөрчүүлэн хаана хандахаа мэдэхгүй будилж явна.

Манай вэб сайтад Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэн Ё.Давааням гуай хандсан юм. Тэрээр хоёр охинтой бөгөөд бага охин нь Н.Зоригтхүү гэх залуутай гэр бүл болж, охинтой болжээ. Гэтэл охины эрүүл мэнд муудсан байна. Тэд охиноо эмчлүүлж, эрүүл болгохоор хөл хүрэх газар, чадах бүхнээ хийж, эцэст нь Монгол эмч нараас "амьдрах хувьгүй хүүхэд" гэх үгийг сонсож, цааш явах газар нь мухарджээ. Гэвч үхтэл үр харам гэж хүүхдээ эмчлүүлж эдгээхээр хөх хот, бээжинд эмчилгээ хийлгэж охины бие сайжирсан байна. Харин энэ жил утаа эхлэх цагаар охины өвчин сэдэрч, ээж нь охиноо аван Солонгосыг зорьж, эмчилгээ хийлгэж байгаа аж. Охин, эхнэр хоёрынхоо хойноос аав Н.Зоригтхүү явах гэсэн боловч аль хэдийн хар тамга даруулсан байжээ. Учрыг тодруулахад 2002 оны 9 дүгээр сарын 11-ны өдөр үл таних этгээд түүний регистр, зургаар хуурамч паспорт авч гадаад гарчээ. Тиймээс л өнөөдөр Н.Зоригтхүү хар тамга даруулчихаад өвчинд шаналж байгаа охин руугаа очиж чадахгүйд хүрээд байна. Тэд хууль бус энэхүү үйлдлийг мэдсэнээсээ хойш хандаж болох бүхий л газарт хандсан аж. Гэвч нөхөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг шалтгаанаар асуудлыг нь анхааралдаа авахгүй байгаа гэнэ. Харин ТЕГ-т хандсанаар арай л нааштай хариу сонссон аж. Гэхдээ тухайн үед хуурамч паспорт гаргасан этгээдийг олж байж л хамаг асуудал шийдэгдэх гээд байгаа гэнэ. Ийм л хүнд байдалд орсон, яах учираа олохгүй байгаа талаар тэд учирлан, захиадал бидэнд илгээсэн юм.

 

Өвгөн ахын захидлыг уншигч та бүхэнд бүрэн эхээр нь хүргэж байна.

 Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэн Очир овгийн Ёндонгийн Давааням миний бие 73 настай, эрэгтэй, малын эмч, төрийн захиргааны менежер мэргэжилтэй. Өнөөдрийг хүртэл улсад 53 дахь жилдээ хөдөлмөрлөж байна. Сүүлийн 10-н жилд "Төгс их наяд" ХЗХ-г байгуулж 270 гишүүнд хадгаламж, зээлийн үйлчилгээ 225 сая төгрөгийг сангаар явуулж байна. Миний зорилго бол насан туршдаа хамт олон дунд байж, хүн ард түмэндээ буянтай үйл бүтээхэд байдаг. Санаа сайхан бол заяа сайхан гэгчээр би хөгшинийхөө хамт эрүүл саруул амьдарч үр ач зээ нартаа нөмөр болж аз жаргалтай байна. Ардчилсан үндсэн хуулийг батлалцсан АИХ-ын депутат болж, гавьяатаас бусад шагналыг авсан бөгөөд өөрийн сэтгэлийн дуудалгаар мэргэжлийн 3,  дурсамж 4 ном бичиж хэвлүүлсэн. 1000 гаруй мэдээ сурвалжилга, нийтлэл бичсэн МСЭ-ийн гишүүн билээ.

 

Өөрийн тухай орхиод учирлах нь:

Миний бага охин УБИС-ыг төгсөөд гэр бүл болж, нийслэл хотноо амьдарч, хүү  охин төрүүлж бусадын адил ажил амьдралаа зохицуулж ирсэн. 2012 онд охин төрүүлсэн бөгөөд З.Заяадэлгэр гэдэг юм. Охиныг 2 сар дутуу байхад ургийн гаднах ус багассан гээд эм тарианы хүчээр төрүүлсэн. Гэтэл төрх үеийн ус хэвийн харин охин төрөлтийн үеийн хүндрэл буюу саажилт гэсэн оноштойгоор эхээс төрсөн 3 хоногтойгоос өнөөдөр 1 нас 10 сар болтлоо хүндээр өвчилж байна. Иймээс өвчин нь утаанаас болсон гэвэл төрөөс, буруу оношилж хүчээр төрүүлсэн гэвэл эрүүл мэндийн байгуулага, эмчээс гомдол эрж, хохирлоо нөхүүлмээр байна. Охиноо эмчлүүлэхээр монголын сайн гэсэн эмнэлгийг дуусгаж олон эмчид мөнгө өгч эцэст нь эдгэрхгүй, тавилан муутай гэх үг сонсох боллоо. Нөгөө хүмүүнлэг ардчилсан нийгэм хаана байна вэ? Нөгөө тангараг өрөгсөн ачит эмч нар хаана байна? гэж асуумаар байна.Үр хүүхэдээ эмчилүүлэх бидний эрх хаана байна вэ? Бид охиноо 2013 оны хавар бээжинд намар нь хөх хотод эмчилүүлсэн. 30 сая төгрөг зарсан өвдөлт арай багссан. Гэвч засрал хүссэн хэмжээнд хүрээгүй. Энд төр засгаас юу ч хүсээгүй билээ. Гэтэл охин 2013 оны 11 сараас утаа эхлэнгүүт дахиад өвчин нь хүндэрлээ. Өөрийхөөсөө эмчилгээ хийх газар олдохгүй бидний сэтгэлийн зовоосон учир арга буюу БНСУ-ын Ингой хотын эмнэлэгт хандан нааштай хариу гарж төр засаг түмэн олноосоо хандив хүслээ. "Хас" банк, "Skytel", "Мобиком", "МИАТ" гэх монголын томоохон компаниуд, СХД-ийн 65, 67-р сургуулийн хамт олон, охины ээжийн төрсөн нутаг Архангайн Эрдэнэмандал сумынхан, ах дүү анд найз нар нь туслан өөртөөө байгаа үнэ хүрэх зүйлээ зарж хөрөнгө босгоод эмнэлэгтээ 12 дугаар сарын 3-нд очлоо. БНСУ-д зорчих аав Н.Зоригтхүүгийн виз гараагүй учир ээж Д.Оюунсайхан охиноо тэнд эмчлүүлж байна. Тэр хэл мэдэхгүй мөнгөө дуусч байгаа нь сэтгэл зовоож байна. Өндөр үнэтэй эмчилгээ хийлгэж охиныхоо биеийг сайжиртал тэнд байхыг ээж нь хатуу шийдэж БНСУ дахь монголлын элчин сайдын яаманд хандсан ч тус хүргэхгүй байна. Ямар арилсан дотортой хүнлэг бус хүмүүс тэнд ажилдаг байна аа.

 

Нөгөө виз гараагүй учрыг сөхвөл:

Охины аав Н.Зоригтхүү 2002 онд 18-н настай ШУТИС-д оюутан болсоны дараа 2002 оны 9-р сарын 11-ны өдөр үл таних этгээд түүний регистр, зургаар хуурамч паспорт авч гадаадад гарчээ. Тэр этгээд 2004 онд дахин хуурамч паспорт авахдаа зөвхөн зургийг нь сольжээ. Тэр этгээд 2006 онд монголд ирээд буцаж гараагүй гадаад паспорт нь өнөөг хүртэл бүртгэлгүй байна. Бодвол тэр этгээд өөрийн нэрээр цоо шинэ паспорт авсан биз. Ингээд Солонгосын тал Н.Зоригтхүүг паспорт давхардсан гэх үндэслэлээр виз олгохгүй байна. Бид хуурамч паспортын учрыг олуулхаар хууль зүйн яаманд хандаж холбогдох 7 газраас лавлагаа тодорхойлтыг авч уул хүсэлтийг гадаад хэргийн яамны консулийн газраар дамжуулан Монгол улс дахь БНСУ-ын элчин сайдын яаманд явуулсан ч хариу өгөхгүй байна. Бид улсын мөрдөн байцаах газарт хандан СХД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэрэг үүсгэн шалгуулж байна. Хэргийг шийдвэрлэх журмын дагуу явуулбал 2-3 сар болох бололтой. Шүхийн шийдвэр гарвал Н.Зоригтхүү БНСУ-д очиж охиноо асрах боломж бүрдэх юм. Гэтэл шүүхийн эцсийн шийдвэр гартал хүлээхэд хүний газар хэл мэдэхгүй охиноо эмчилүүлж яваа ээж Д.Оюунсайхан хүнд өвчний улмаас амь нас нь өдөр цагаар хэмжигдэж буй охин З.Заяадэлгэрийн байдалыг харж үзэнэ үү. Монгол төр засаг, СХД-ээс сонгогдсон УИХ-ын гишүүн Тэрбишдавга, Эрдэнэчимэг Сумьяабазар нар хаана байна вэ?  Овоо босгоогүй байхад шувуу ханаас суух вэ гэгчээр улсын бүртгэлийн байгууллагын 2002, 2004 онд хуурамч паспорт гаргасан тэр ажилтан, Н.Зоригтхүүгийн паспортыг ашиглах бололцоо олгосон холбогдох хүмүүсийг  хууль, хүчнийхэн олно гэдэгт итгэж байна. ГХЯ-ны консулийн газарт хуурамч паспортоо шалгуулахаар өдөр бүр 4-5 хүн ирдгийг сонсохоор иргэдийн мэдээлэл төгөлдөржихөөсөө илүүтэй дамжуулхад ойртсон юм биш үү. Монголын сэтгүүлчидээ Миний харьд яваа охин Д.Оюунсайхан, зээ охин Заяадэлгэр нарт туслах аргыг сүвэгчээч...Миний монголын ард түмэн минь ээ Миний хоёр охинд амьдрал хайрлаач өөрсдийн мэдлэг ажил үйлсээрээ буянтай үйлс бүтээж яваа компани нөхөрлөл, хоршооныхон минь ээ. Тусламжийн гараа сунгана уу?

 Хандивын данс: ХААН банк 5025568399

                              Голомт банк 1165008999 

 

Уншигч та бүхэн өвгөн ахын захианаас эрх биш нэгийг ойлгосон биз ээ. Ямартай ч Монгол төрийн үйл хэрэг хэрхэн явдагийг, монголын ард түмэнг хэрхэн хүнд байдалд оруулж, явах газаргүй мухардуулдагийг та бүхэн ойлгож авсан биз. Төр засаг, УИХ-ын эрхэм гишүүд Ё.Давааням гуайн захидалыг харж, ард түмэнг дахин ийм зовлонд унагахгүйн төлөө сэтгэлээ чилээнэ гэж найдая. Бидэнд мэдэгдсэн нь энэ болохоос цаана нь өчнөөн хүн энэ мэтээр хохирч явааг хэлж үнэндээ мэдэхгүй юм.  

 

Н.Чинзориг