Ч.ОЛДОХ

Монголын үе үеийн уулчид, ахмад тамирчид, Монголын үндэсний спорт авиралтын холбооноос  Монголын спортын төв ордны мэдээллийн танхимд цуглаж, Отгонтэнгэр хайрханд  авиралт хийж яваад цасны нурангид өртөн амь эрсэдсэн уулчдын  ар гэр, төрөл төрөгсөд, үр хүүхдүүдэд  эмгэнэл илэрхийллээ. Тэд “Отгонтэнгэрийн авиралтад олон сайхан залуус амь насаа алдсанд Монголын уулчдын холбоог эмгэнэл илэрхийлж мэдээлэл хийх болов уу гэж нэлээд харлаагэтэл тэгсэнгүй.  Иймд  ахмад уулчдаа цуглуулж, уулчдынхаа ар гэр, төрөл төрөгсдөд эмгэнэл илэрхийлэхээр цуглалаа” гэв.

Эмгэнэлийн цуглаанд Монголын спорт авиралтын холбооны дэд ерөнхийлөгч Д.Батжаргал, уулын спортын ОУХМ, ахмад тамирчин Т.Ичинноров, Монгол Улсын гавьяат тамирчин, ОУХМ С.Заяа, “Эрдэнэт” уулын холбооны УЗ-ийн гишүүн, ОУХМ Э.Ганболд,  Отгонтэнгэр хайрханд авиралт хийсэн уулчдын  багийг ахалж явсан,Уулын спортын мастер Н.Сүрэнжав агсны багш, Уулын спортын мастер, Өмнөговийн уулчдын холбооны гишүүн,  ахмад тамирчин Д.Доржпалам,  хаданд авиралтын спортын  мастер Л.Дарьсүрэн, Уулын спортын мастер Х.Сэлэнгэ, Ж.Дулмаа, ОУХМ О.Хумбаа тэргүүтэй уулчдын төлөөлөл хүрэлцэн ирсэн юм. Тэд ингэж ярьж байна.

Д.Доржпагма:

Дэлхийн болоод, Монголын уулын спортын түүхэнд байхгүй, олон хүн нэг осолдож, дор амь үрэгдсэнд бид маш их харамсч байна. Уулчид байгалийн бэрхшээлтэй  байнга тэмцэж явдаг. Тэд хийдгээ хийж, авиралтаа хийж явсан. Гэнэтийн зүйл тохиосон нь харамсалтай. Ахмад үеийнхэн ч, залуу тамирчид ч энэ авиралтаас сургамж авах, бодох, сэтгэх зүйл байна гэж ахмад тамирчны хувьд бодож байна.

Миний шавь, Сэнгүү /Н.Сүрэнжав агсныг багш нь, нөхөд нь ингэж дууддаг/ -гийн  хувьд сүүлийн жилүүдэд олон тамирчныг  сургаж, амжилтад хүргэж ирсэн уулчны нэг. 2010 онд бид хамтдаа Сайр хайрханд авирсан. Түүнээс хойш хоёр ч авиралтад хамт явсан. Өөрийн мэдэх, чадахыг зааж, сургаж явсны хувьд намайг багшаа гэж хүндэлдэг. Энэ дашрамд хэлэхэд, монголчууд хэдүүлээ билээ, хэдэн уулчинтай билээ. Гэтэл бидний гаргасан амжилт ямар билээ. Иймд уулын төрөлжсөн сургууль байгуулах шаардлагатай санагддаг. Байх ёстой гэж үзвэл Дэлхийн уулын холбоо, Азийн уулын холбооноос зөвшөөрөл авч, мэргэжлийн багш нарыг бэлтгэж явах шаардлага байна.

Сэнгүүгийн хувьд олон уулчдын багт хөтөчөөр явсан. Олон шилдэг тамирчин төрүүлж, олон шавьтай болсон. Юмыг эрэлхийлдэг, санаачилгатай, үргэлж сурч мэдэхийн төлөө байдаг. Ийм л хүү байлаа.  Үүнээс илүүг ярьж чадахгүй нь, нас ахисан хүн надад их хэцүү байна.

Э.Ганболд: Түүхэнд байхгүй том эрсдэл боллоо

-Уулсын спортын түүхэнд анх удаа том осол боллоо, харамсалтай байна. Отгонтэнгэрийн авиралтад оролцож, цасан нурангид дарагдан амь эрсэдсэн бүх хүний ар гэр, төрөл төрөгсөд, үр хүүхдүүд, найз нөхдөд   эмгэнэл илэрхийлье.

Отгонтэнгэр хайрхан дархан цаазат уул. 2015 оноос авиралт явуулахыг  зогсоосон. Бид Улсын аваргын тэмцээн явуулах гээд хойшилж  байсан тохиолдол бий. Хаа хаанаа бодууштай юм, хэн зохион байгуулсан юм бэ, яаж оролцсон юм бэ, хариуцлага алдсан тал бий. Үүнийг мэргэжлийн түвшинд бид жич ярилцана.

Л.Дарьсүрэн: Уулчин гэдэг эх орондоо ч, өөртөө ч хэрэгтэй спорт, чухал мэргэжил

– Уулчин хүн гэдэг эх орондоо ч хэрэгтэй, өөрсдөдөө ч хэрэгтэй, хамгийн чухал спорт, чухал мэргэжил гэж би  хувьдаа боддог.  Би 47 жил хаданд авиралтын тэмцээнд оролцохдоо энэ дүгнэлтийг хийсэн юм. Уулчин хүн уул хэзээ нурах вэ гэпэг эрсэдлийг мэдэхгүй. Тиймээс цасан нурангийн  үед эрсэдсэн 17 уулчныхаа ар гэр, төрөл төрөгсөд, үр хүүхдэд эмгэнэл илэрхийлье. Уулчин хүн ард түмэндээ хэрэгтэй. яагаад гэвэл, бидний залгамж халаа, үе үеэрээ, арав арван насаар шат дараалж  бэлтгэгдэн гардаг. Онгоц дэлбэрэхэд манай уулчид л аврах, эрэн хайх ажиллагаанд тэргүүн эгнээнд явсан, Марз ууланд осол гарахад уулчид л явсан. Иргэний хамгаалалтаас өгсүүлээд 1990 оны өмнөх үеэс аль л хүрэхгүй, чадахгүй газарт  уулчид л очдог, ийм л сайхан спорт байгаа юм. Уулын Зориг багш маань бидэнд хичээл ордог байлаа. Өчигдөр миний шавь, ахмад тамирчин ярьж байна лээ “багш биднийг Отгонтэнгэрт авч явахдаа чимээ гаргаж болохгүй. Исгэрч болохгүй, маш чимээгүй яв, цас нурна шүү гэж захидаг байсан” гээд л. Телевизээр харахад тэр их цас нурсан байна шүү дээ. Уулын дэргэд чимээ гаргаж болохгүй нь үнэн юм байна. Бэлтгэл байдаг юм байна гэдгийг  нийт уулчид, сонирхогчдодоо хэлье.   Уулын спортоо битгий хаяарай. Эр зоригийн спорт юм шүү. Энд айх аюул байхгүй. Бид ууланд авирахдаа гарын үсэг зурж гардаг байсан даа. Үхэхэд гомдолгүй гээд явдаг байлаа. 1978 онд Мөнх хайрханы авиралтад явахад биднээс гарын үсэг авч байсан. Одоо ч гэсэн манайхан бүгд гомдолгүй гээд гардаг. Тиймээс уулын спорт маш онцлогтой. Одоо энд ирээд сууцгааж байгаа улс бүгд тэр замыг туулж гарсан, үзсэн. Багш нарынхаа заавраар явсан. Заасан замаас жаахан хазайхад л ангал байж байдаг, нуралт  байдаг. Гэхдээ эрдсэлийг хэзээ гэж хэлэх вэ. Энэ зун их халуун байсан, Отгонтэнгэр уул ганц замтай, түүнийг өөр бусад зүйл, шашны байгууллагатай холбож хэлж болохгүй, янз бүрийн нэвтрүүлгээр мэдээллийг буруу хазгай цацаж болохгүй. Бид энэ л спортын сонгосон хүмүүс. Энэ спорт улс эх оронд маань ч, бидэнд өөрсдөд маань ч хэрэгтэй. Мал төөрчихсөн байлаа гэхэд ч уулчид л очдог. Ангалд унасан онгоцноос уулчид л авчирч байсан. Ийм чухал цаг үед дэлхий нийтээрээ уулчдадаа ханддаг. Энэ байх ёстой спорт гэж үздэг. Байлгахгүй гэж үздэг хүмүүс ч байдаг. Гэхдээ бид энэ спортыг Монгол эх орныхоо төлөө сонгосон, тамирчдаа дахиад төрүүлнэ. Отгонтэнгэрийн авиралтын багийг ахалж явсан багийн ахлагч Уулын спортын мастер Н.Сүрэнжав маань уулчдаа авч явдаг, багш нарынхаа хичээлийг яг номоор нь заадаг ийм л хүн байсан. Мэдэхгүй, чадахгүйдээ биш гэнэтийн цасан нуранги үүссэнээс осолдсон. Монголчууд харамсалтай зүйл тохиосонд нийтээрээ хүндхэн байдалтай байна. Бид ч маш хүнд байдалд байна. Бид сүүлчийн мөч хүртэл нэг хүн ч гэсэн амьд олдоосой гэж залбирч, хоорондоо ярьж, хүлээсэн. Найдлага, горьдлого тасарч сүүлийн мэдээг аваад эмгэнэл илэрхийлэхээр цугласан нь энэ. Ахмад уулчид бол 50 жилийн түүхтэй холбооны гишүүд байгаа юм. дашрамд хэлэхэд, ОБЕГ  аврагчид, тусгай ангид нь байдаг манай уулчид, шавь нар  сайн ажиллалаа. Металл хайгч багажтай болохоор маш хурдан олсон. Тэдэнтэй хамт Монгол Улсын гавьяат тамирчин Г.Өсөхбаяр ахлагчтай манай уулчдын баг  сайн ажиллалаа.

Эх сурвалж: www.polit.mn