Монгол Улсын Зам Тээврийн Хөгжлийн Сайдаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ томилогдсон билээ. Мэргэжлийн, басхүү зарчимтай нэгэн гэдгээрээ улс төрийн хүрээнд танигдсан түүнийг Зам Тээврийн Хөгжлийн Сайдаар томилогдсонд олон нийт харьцангуй таатай хандаж буй бөгөөд  салан задгай, хариуцлаггүй байдал ноёрхсон, зөрчил дутагдал байнга гардаг  Иргэний Нисэхийн Ерөнхий Газрын удирдлагыг шинэчилж, үр ашигтай бодлого хэрэгжүүлж чадах эсэхийг  хүлээн харж буй гэхэд болно.

 

Авлигатай Тэмцэх Газраас томилогдсон ажлын хэсэг Зам тээврийн хөгжлийн яаманд ажилласан тайлангаас үзэхэд тус салбарт нэр бүхий албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраар хянуулалгүй албан тушаалд томилсон, яамны ажилтан, албан хаагчдын үр дүнгийн гэрээний урамшуулалд 2015-2016 онд 508 сая төгрөг зарцуулсан, ИНЕГ-т сүүлийн 3 жилийн хугацаанд удирдах болон гүйцэтгэх албан тушаалд нийт 469 албан хаагчийг ямар нэгэн сонгон шалгаруулалт зарлалгүйгээр шууд томилсон, тус салбарт боловсон хүчний халаа сэлгээ ихтэй, хувь хүний үзэмж болоод улс төр, намын харьяаллыг харгалзан томилох асуудал их гардаг, тендер шалгаруулалтыг хязгаарлагдмал тендер шалгаруулалтын журмаар зохион байгуулсан нь худалдан авах ажиллагааны тухай хууль тогтоомжийг зөрчсөн, зарим нэр бүхий тендерт  өөр хоорондоо холбоо хамааралтай хоёр компанийг оролцуулсан байж болзошгүй гэх мэт маш олон зөрчил байдаг нь ил болсон. Түүнчлэн  Иргэний нисэхийн ерөнхий газрын одоогийн статусыг өөрчлөх, навигацийн орлогыг хянах шаардлага байгааг ч албаны хүмүүс нотолдог.

 

Мөн Л.Бямбасүрэн гэх эрхмийг ИНЕГ-ын даргаар ажиллаж байх үед хэд хэдэн зөрчил гарсан. Тодруулбал  6 сарын 2-нд  ОХУ-ын “RA-2099G” бүртгэлийн дугаартай “TBC-2MC” маягийн хөнгөн онгоц Улаанбаатар-Сэлэнгэ чиглэлд үзүүлэх нислэг үйлдэхээр Чингис хаан Олон улсын нисэх буудлын зурваст гүйлт хийх үедээ тодорхойгүй шалтгаанаар зурвасаас гарч далавч, дугуйндаа гэмтэл авсан хэрэг гарсан билээ.  Зарим эх сурвалж онгоц 100 метрийн өндөрт хөөрсөнийхөө дараа нь унасан ч гэдэг.Энэ осол нь иргэний нисэхийн салбарт  мэргэжлийн удирдлага, хариуцлага маш муу байгааг шууд харуулж буй хэрэг юм. ОХУ-ын Агаарын хууль сахиулагчдын мэдээлснээр Улс хоорондын нислэгийн хорооноос уг осолтой хол­богдуулан мөрдөн шал­гах комисс томилсон бөгөөд энэхүү комиссоос урьдчилсан дүгнэл­тээ гаргаж, http://mak-iac.org/rassledovaniya/tbc-2mc-ra-2099g-02-06-2017 цахим хуудаст нийтэлжээ.

Дүгнэлтээр осол болсон өдөр цаг агаар тогтуун, салхи 7 м/с, үүлгүй, 18 хэмийн дулаан гэсэн мэдээллийг онгоцны нисэх багийн бүрэлдэхүүн диспетчерийн албанаас тухайн үед авсан байна. Шалгалтын үеэр нисдэг тэрэг нь нислэг үйлдэхээс өмнө техникийн ямар нэг эвдрэл гэмтэлгүй байсан нь нотлогдсон гэжээ. Иймээс ч албан тушаалын үүрэг, ёс зүйн хувьд Иргэний Нисэхийн Ерөнхий Газрын Дарга Л.Бямбасүрэн уг ослын хариуцлагыг хүлээж, албан тушаалаасаа огцрох нь зөв юм. Харамсалтай нь Л.Бямбасүрэн ямар нэг аргаар албан үүргээ гүйцэтгэсээр өдийг хүрлээ. Одоо салбартаа хариуцлага, сахилга батыг тогтооно хэмээсэн Зам Тээврийн Хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ Иргэний Нисэхийн салбарыг цэгцэлж, мөнөөх Л.Бямбасүрэнд хариуцлага тооцож чадах эсэхийг хүлээх л үлдээд байна.

 

П.Энхмандах

sonin.mn