Засаг солигдсон ч туршлагатай, чадамжтай нэгнийг үлдээх хэрэгтэй сэдвийг бид  хөндөн бичдэг.  Тэгвэл сайд нар одоо яамдыг “самарч” байгаа энэ цаг үед нэгэн тоон мэдээлэл хүргэе.  

УИх-ын гэдсэн чуулганаар төсвийн тодотгол хэлэлцэж байгаа. Тодотголд Шүүхийн шийдвэрийн дагуу төрийн байгууллага, албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас иргэд, аж ахуйн нэгжид олгох нөхөн төлбөрийн өр барагдуулахад зориулж нийт 25,7 тэрбум төгрөг, үүнээс 8.8 тэрбум төгрөгийг урсгал зардалд тусган олгохоор  төсвийн төсөлд тусгагджээ.  Харин төрийн болон орон нутгийн өмчид хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг хэрэгжүүлсний улмаас үүссэн хохирлыг хөрөнгө оруулалтын зардалд тусгасан байна.  Шүүхийн шийдвэрийн дагуу төсвөөс олгох төлбөр-урсгал зардалд ажлаас үндэслэлгүй халагдсаны улмаас олгох хохирлын нөхөн төлбөр нь 1.2  тэрбум төгрөг тусгагджээ. Өөрөөр хэлбэл нийт төлбөрийн 14.5 хувь нь ажлаас үндэслэлгүй халах шийдвэр гаргасны улмаас учирсан байх юм.

Өөрөөр хэлбэл нам дагаж далдайсан нөхөд хурган дарга болоод төрийн албыг самарсны гайгаар та бидний татварт төлсөн 1.2 тэрбум төгрөг салхинд хийсч байна.  Үүнийхээ хариуцлагыг цүнх барьж, бөгс долоосон нөхдүүд огт хүлээдэггүй.  Хүлээдэг зохицуулалт ч байхгүй.

Тиймээс төрийн албан хаагч ажлын хариуцлага алдсан, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр ажлаас үндэслэлгүй халагдсаны улмаас шүүхийн шийдвэрийн дагуу олгох нөхөн олговрын зохих хэсгийг тухай албан тушаалтнаар төлүүлдэг байх шаардлагатайг төрд түмэн олон нь мөн ч их хэлж байна.  

Тэгвэл энэ асуудлыг тоохгүй өнгөрлөө гэхэд ямар сөрөг үр дүн гарч болохыг дараах тоо батална. Нийгмийн даатгалын сангийн санхүүгийн жилийн эцсийн тайлан, сарын мэдээ, судалгаа зэргээс сүүлийн 2 жилд ажилгүйдлийн тэтгэмж авах даатгуулагчдын тоо төлөвлөснөөс харьцангуй хурдацтай нэмэгдэж байна. Тухайлбал, тэтгэмж авагчдын тоо 2015 онд 18.7 мянга байсан бол 2016 онд 23.2 мянгад хүрч өссөн, 2017 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 24.3 мянгад хүрэх төлөвтэй байна.

АТГ-аас явуулсан шалгалтаар ил болсон хоёрхон жишээ дурдахад, Байгаль орчин, аялал жуулчлалын яам бүтэц орон тооны өөрчлөлтөөр ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмж болгон нийт 54 хүнд 257 сая төгрөгийг олгосон бол Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөхөд ажлаас үндэслэлгүй халагдсан нь шүүхээр тогтоогдсон 2 албан тушаалтны ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 33 сая төгрөгийн тэтгэмжийг олгосон байна.

Ерөнхий сайдаа халаа сэлгээ хийх нь зүйн хэрэг. Гэхдээ туршлагатай нэгнээ золигт гаргаж, цүнх баригчдыг дэвшүүлж байгаа нь хэр зохистой үйлдэл вэ?  Туршлагатай нэгэн халагдаж, цүнх баригчид завшдагийг болиулаад өгөөч сайд аа