Зургийн тайлбар: Хүүг 26 удаа хутгалж хөнөөсөн этгээд

2015 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэр зургадугаар “Бичил” хороололд байрлах автомашины гараашийн үүдэнд 19 настай хүүгийн цогцос байгааг иргэд цагдаагийн байгууллагад мэдээлжээ. Хэргийг шалгахад 19 настай хүүг 26 удаа хутгалж амь насанд нь хүрсэн байдаг. Цагдаагийнхан сэжигтэн Б-г хэргийн газраас холдоогүй байхад баривчилж, 20 гаруй хоног  хорьж байсан. Тэгвэл дээрх хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхээс талийгаачийг хөнөөсөн гэх 33 настай Б-г зайлшгүй хамгаалалт хэрэглэсэн хэмээн "цагаатгасан" байдаг. Өнөөдөр энэ хэргийг УДШ хоёр дахь удаагаа хянан хэлэлцэх юм.

Өөрөөр хэлбэл өмнө нь анхан, давж заалдах шатны шүүхээс шийдсэн байлалд  дахиж нягтлах баримт байна гэж үзэн УДШ-ээс хэргийг буцааж байсан. Гэвч анхан болон давж заалдах шатны шүүхээс хүнийг 26 удаа хутгалсан этгээдийг аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзээд байгаа юм. Тиймээс өнөөдөр УДШ Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 174 дүгээр цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 480 дугаар магадлалтай Д.Буяннэмэхэд холбогдох 201526022112 дугаартай 4 хавтас хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Дамдинсүрэн, түүний өмгөөлөгч Г.Батбаяр нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ.

Хэргийн талаар талийгаачийн ээж Т.Дамдинсүрэн: “Миний хүүг 26 удаа санаатай хутгалж хөнөөсөн. Тэр хүн шоконд ороогүй, өөрийгөө бүрэн удирдах чадвартай байсан гэж Шархадны эмнэлэгээс дүгнэлт гаргасан. Гэтэл энэ хүн20гаруй хоног баривчлагдаад байхдаа эрүүлмэндийн шалтгаанаар батлан даалтад гараад Шархадны эмнэлгийн дүгнэлтийг өөрчлүүлж, шоконд орсон байна гэж дүгнэлт гаргуулсан. Ийм болохоор хүнийг санаатайгаар хороосон хэргийн зүйл анги нь хүртэл өөрчлөгдсөн. УДШ-д найдлага тавьж байна.” гэв.