АН дотроо олон даль жигүүр, фракцитай. Үе үе хоорондоо даль жигүүр, фракциуд “үзэлцдэг”-ийг эс тооцвол албан тушаалд томилогдохдоо харьцангуй эв найрамдалтай байдаг.

АН-ынхан Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөхөөр өмгөөлөгч О.Алтангэрэлийг зүтгүүлж байгаа гэнэ. Хувь, хувьсгалын тохироо ч бараг хийгдээд дууссан бололтой. Тодруулбал АН-ын Шонхор фракцийн О.Алтангэрэл Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөхөөр томилогдох нь тодорхой болсон. Ингэж томилогдоход түүний гэр бүлийн хүн, гурван хүүхдийнх нь ээж, УИХ дахь АН-ын ажлын албанд хүчин зүтгэгч н.Дэлгэрмаагийн  нөлөө их байсан гэдгийг батлах нэгэн ч байна. Нөгөө талаас С.Эрдэнэ гишүүн түүнийг цээжээрээ хамгаалдаг нь том тус болж байгаа аж.

Ингэснээр Ерөнхийлөгчийн томилдог хуулийн байгууллагын томилгоонд О.Алтангэрэлийн шууд нөлөө бий болж байгаа. Цаад утгаараа Шонхор фракцийнхан хуулийн байгууллагуудыг атгахаар болж байх шиг... Үүний нотолгоо нь З.Энхболд өнөөдөр “Ерөнхийлөгч” хийж байгаа. Түүний “шивэгчин” С.Эрдэнэ болох нь удаа дараа нотлогдсон. Тэгэхээр Ерөнхийлөгч прокурор, АТГ-ын дарга, шүүгч, ҮХЦ-ийн гишүүн зэргийн томилгоогоор АН-ын Шонхор фракцийнхан “даам гарах нь” тодорхой боллоо.

Гэхдээ О.Алтангэрэл өөрөө хэр ариухан хүн бэ?  АН-ынх ч гэсэн намаасаа “тэрсэлсэн” нөхөр гэдгийг журмын нөхөд нь хэлдэг. Тодруулбал УИХ-ын сонгуулиар АН-ын журмын нөхөр Д.Зоригтын тойрогт бие даан нэр дэвшиж санал хуваах замаар МАН-ын нэр дэвшигч Д.Оюунхоролыг гаргаж байсан түүхтэй.

АН-ын эсрэг ажиллаж байсан хүн Ерөнхийлөгчид зөвлөх нь. Уг нь өөр чадалтай чансаатай олон хуульч Ерөнхийлөгчийн эргэн тойронд байгаа. Ерөнхийлөгч тэдгээрийг олж харсангүй. Харин Х.Тэмжүүжинг хууль зүйн сайдаар ажиллаж байхад яаманд хурган дарга хийж байсан,  албан тушаалын төлөө хэн нэгний “оймсонд хавчуулагдан” яваа хүнийг хараад байдаг...

Ерөнхийлөгч минь зөвлөхүүдээ бодолтой ухаантай л сонгоорой доо... Наандаж улсын нэр хүнд, цаанадаж намын дотоод хагарал гээд олон асуудал байгаа шүү томилгоо бүрийн чинь ард...